УИХ-ын Байнгын хороод намрын чуулганыхаа тайланг олон нийтэд тавьж буй. Эдийн засгийн байнгын хороо чуулганы хугацаанд 25 удаа хуралдаж, 80 гаруй асуудал хэлэлцжээ. Тэдгээрээс 45 хууль, бусад шийдвэрийг нь УИХ баталснаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл, Статистикийн салбарыг 2011-2015 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл, Зээлийн мэдээллийн тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг Байнгын хорооны дарга Р.Буд онцлов.
Жижиг, дунд бизнесийг дэмжих чиглэлээр сүүлийн үед Засгийн газар багагүй хөрөнгө гаргаж буй. Одоо энэ салбарт гадаад, дотоодын санхүүжилт, хөрөнгө оруулалтаар 400 гаруй тэрбум төгрөг эргэлддэг гэнэ. Иргэдийн гомдол саналын дагуу зээлдэгчдийн дунд судалгаа хийхэд жижиг, дунд бизнесийн зээлийг ихэнхдээ барьцаа хөрөнгөтэй хүмүүс авдаг байжээ. Барьцаалах эдгүй хүн энэ зээлд хамрагдаж чаддаггүй аж. Энэ байдлаас улбаатайгаар Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг Р.Буд, Ц.Баярсайхан нарын 17 гишүүн санаачилсан юм байна.
Барьцаалах хөрөнгөгүй бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид банк, санхүүгийн байгууллагаас зээл авахад нь шаардлагатай барьцааны 60 хувийг Зээлийн батлан даалтын сангаас даах аж. Зээлийн мэдээллийн тухай хууль хэрэгжсэнээр зээлийн эрсдэл буурч, иргэн,аж ахуйн нэгжийн зээл авах үйл ажиллагааг шуурхай хангадаг болно гэж хууль санаачлагчид үзжээ.
Үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, стратегийн ач холбогдол бүхий газрын тосны салбарт хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, газрын тосны нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлж, боловсруулах үйлдвэр байгуулах, уг бүтээг дэхүүний хэрэгцээг тогтвортой хангах, үндэсний аж үйлдвэрийн суурийг тавих чиглэлээр Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлогыг баталжээ.
Э.ТӨР