УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хүн ам зүйн салбарыг хүний эрхийн мэдрэмжтэй, мэдлэг, боловсролтой хүн удирдах ёстойг онцлоод, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал (ГБХНХ)-ын сайд Т.Аубакир энэ шалгуурт нийцэхгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхах хандлага гаргаж байгааг шүүмжлэв. Тэрбээр эл асуудлын хүрээнд ГБХНХ-ын сайдад хариуцлага тооцуулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээ өчигдөр мэдээлсэн юм.
Төсвийн байнгын хорооны өнгөрсөн баасан гаргийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг хэлэлцэх үеэр зарим гишүүн эсрэг санал өгч, танхимаас гарсны дунд ГБХНХ-ын сайд Т.Аубакир байжээ. Улмаар хуралдааны танхимд парламентын дөрөвхөн гишүүн үлдэж, бусад нь гарч явснаар хэлэлцүүлэг үр дүнгүй болсон аж. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг илт ялгаварлан гадуурхсан, тэдний асуудалд тоомжиргүй хандсан асар бүдүүлэг үйлдэл, хүний эрхийн зөрчил гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хэллээ. Тэрбээр “Хүний эрх, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьд явах эрхийн асуудлыг хэлэлцэх үед парламентын гишүүдийн ирц хангалтгүй байдаг ч хөрөнгө санхүүжилт, сайд, даргын албан тушаалтай холбоотой зүйл ярих болоход танхим дүүрдэг. Энэ хандлага өнгөрсөн баасан гарагт ч давтагдаж, заал эзгүйрлээ. Ялангуяа энэ салбарыг ахалж байгаа, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьд явах эрхийн баталгааг хангах асуудалд тоомжиргүй хандаж, хурлыг орхисон нь маш эмгэнэлтэй.
Монгол Улсын нийт өрхийн 13 хувьд тулгамдаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг бодлого, шийдвэр гаргагчид ингэж үл тоож болохгүй. Төсөв хэд дахин тэлчхээд байхад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн, амьд явах эрхийн баталгааг хангах тэтгэвэр, тэтгэмжийг яагаад нэмэхгүй, тэр их мөнгөний нэг хувийг нь ч энэ хүмүүст зориулахгүй байгаа юм бэ. Барилга, байшинд байдгаа хуваарилдаг бус, хүнээ боддог, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодит хэрэгцээг хангахад чиглэсэн төсөв баталмаар байна” гэсэн юм. Тэрчлэн Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.1-д тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг тухайн үеийн хүн амын амьжиргааны доод түвшнийг үндэслэн тогтоохоор заасан байдгийг тэрбээр сануулаад, Засгийн газар ч, хүн ам зүй, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан салбарын сайд нь ч энэ чиглэлээр дорвитой ажил хийхгүй байгааг шүүмжлэв.
Ж.Сувд