Дүрслэх урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, монгол кубизм чиглэлийг дотоод, гадаадад түүчээлэн хөгжүүлж буй Урлагийн гавьяат зүтгэлтэн Нямын Адъяабазар “Нарны талст II” бие даасан үзэсгэлэнгээ “Hue” арт галерейд дэлгэжээ. Тэрбээр уран бүтээлээрээ дамжуулан Франц, Герман, Нидерланд, Япон, БНСУ, БНХАУ зэрэг орны үзэгчдэд үндэсний өв соёлоо сурталчилж ирсэн туршлагатай зураач юм. Үзэсгэлэнд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд туурвисан шилдэг 60 гаруй бүтээлээ дэлгэсэн бөгөөд энэ нь уран бүтээлийнх нь эрэл хайгуул, зохиомж, арга барилыг цогцоор нь мэдрэх боломжийг үзэгчдэд олгож буйгаараа онцлогтой.
Кубизм нь дүрсийг геометрийн хэлбэрт задалж, нэг объектыг олон өнцгөөс харуулах замаар орон зайн цогц илэрхийлэл бий болгодог урлагийн арга барил. Н.Адъяабазар эл аргыг монгол ахуй, түүх, соёлтой өвөрмөцөөр хослуулжээ. Нүүдэлчдийн эртний хадны зураг, чулуун шастир, төрт ёсны түүх, байгаль эх, хүн, мал сүрэг төдийгүй даяаршлын эрин үеийн өнгө төрхийг геометрийн дүрс, ёгтлол, бэлгэдлээр баяжуулан дүрсэлдэг нь түүний уран бүтээлийн ялгарал юм.
Уран зургийг зураачийн тайлбартайгаар үзэх нь бүтээлийн цаадах санаа, өгүүлэмжийг ойлгох боломж. Үзэсгэлэнгийн танхимд байрлах “Сая сая сарнай”, “Сонгууль”, “Морьдоо усалсан нь” зэрэг бүтээл өвөрмөц зохиомжоороо үзэгчдийн анхаарлыг эрхгүй татна. Тухайлбал, “Сая сая сарнай”-г нэрт дуучин Алла Пугачовагийн “Миллион алых роз” дуунаас сэдэвлэн туурвижээ. Хайртай бүсгүйдээ зориулан талбай дүүрэн сарнай бэлэглэдэг дууны түүхийг чин сэтгэлийн бэлгэдэл болгон буулгахдаа сарнай бүрийг давтагдашгүй хэлбэр, эрчимтэй улаан өнгөөр илэрхийлсэн байна. Хайрын хязгааргүй хүч, хүсэл тэмүүлэл, мөрөөдлийн орон зайг монументаль хэмжээтэй бүтээлээр илэрхийлсэн хэмээн зураач тайлбарлав.
Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийг агуулга, сэдвийн хувьд таван үндсэн хэсэгт хуваажээ. Эхнийхэд Монголын түүх, тэр дундаа XIII зууны үеийн түүхэн үйл явдлыг кубист хэв маягаар дүрсэлсэн бүтээлүүдийг багтаасан байна. Удаах хэсэг нь наадам болон бага насны дурсамжид зориулжээ. Багадаа морьтой ойр өсөж, наадмаар хурдан морь унаж явсан уран бүтээлчийн дурсамж, баярын уур амьсгал, хурдан хүлгийн хөдөлгөөнийг эдгээр бүтээлээр дамжуулан харуулсан аж.
Гурав, дөрөвдүгээр хэсэгт зураачийн эх орондоо болон гадаадын улс орнуудад ажиллах үеэрээ туурвисан пленэр буюу задгай агаарт зурсан бүтээлүүдийг багтаажээ. Мөн олон улсын арт арга хэмжээний үеэр төрсөн дурсамж, сэтгэгдлээ уран бү тээлээрээ илэрхийлсэн байна. Харин төгсгөлийн хэсэгт монгол эмэгтэйн гоо үзэсгэлэн, уужим сэтгэл, эрхэмсэг оршихуйг өөрийн өвөрмөц арга техник, зохиомжоор илэрхийлсэн бүтээлүүдийг онцолжээ.
“Нарны талст” үзэсгэлэнг энэ сарын 18-ныг дуустал толилуулах бөгөөд үзэгчид таалагдсан бүтээлээ худалдан авах боломжтой.
“КРАБИ, ТАЙЛАНД”

Тэрбээр 2014 онд Тайландын Краби хотноо зохион байгуулсан олон улсын зураачдын үзэсгэлэнд оролцох үеэрээ нэгэн үзэсгэлэнт арал дээр энэхүү бүтээлээ туурвижээ. Н.Адъяабазар тухайн өдрийн халуун дулаан уур амьсгалыг өнгөний оновчтой зохиомжоор илэрхийлж, нарны илч, далайн эргийн намуухан хэмнэл, тайван орчныг уран зурагтаа шингээж өгсөн аж. Ялангуяа зургийн наад талд жижиг завиар усан зам туулан арлуудыг зорих аялагчдыг дүрсэлсэн нь тухайн газрын амгалан хэмнэл болон аяллын нандин мэдрэмжийг улам бүр тодотгосноороо онцлогтой.
“ЭРВЭЭХЭЙ НИС НИС”

Энэхүү бүтээлд эрвээхэйн хөдөлгөөнөөр дамжуулан хүний эрх чөлөө, хөнгөн оршихуй болон хувьсал өөрчлөлтийг бэлгэджээ. Пастель өнгийн зөөлөн дэвсгэрт дүүлэн нисэх жижиг эрвээхэйнүүд нь амьдралын эмзэг хэдий ч хөдөлгөөнтэй чанарыг илтгэнэ. Харин уудам задгай орон зай нь хил хязгааргүй төсөөлөл, эрх чөлөөг илэрхийлж буй гэнэ.
“ҮДИЙН НАР”

“Үдийн нар” бүтээлд тал нутгийг төөнөх нарны хурц тусгал, дулаан өнгө болон амьд хөдөлгөөнийг морьдын дүрслэлээр илэрхийлжээ. Шар, улбар шар, улаан өнгөний давхарга нь нарны халуун илчийг тодотгох бөгөөд морьд тал нутгийн уудам орон зайтай нэгэн бүхэл болон уусан нэгджээ. Зураач кубист задлалын аргыг ашигласнаар гэрэл, хөдөлгөөн, газрын хэмнэлийг нэгэн зэрэг мэдрүүлж, тал нутгийн эрч хүчийг илүү тодотгон харуулахыг зорьсон аж.
“ИХ МОНГОЛ УЛСААС РУБРУК ХОТОД”

Энэхүү бүтээлээр Н.Адьяабазар XIII зууны үеийн Өрнө, Дорныг холбосон Их Монгол Улс болон аялагч Рубрукийн Өрнөөс Дорно, Дорноос Өрнө зүгт аялж, эсэн мэнд нутагтаа хүрсэн түүхийг бүтээлийнхээ гол санаа болгон дүрсэлжээ.
У.Сүрэн