МАН байгуулагдсаны 91 жилийн ой өнөөдөр болж байна. Энэ өдрийг тэд Эх орончдын хэмээн нэрлэдэг. Өмнөх 90 жилд энэ намынхан Эх орончдын өдрөө эв эетэйхэн тэмдэглэдэг байлаа. Харин 91 дэх жил онцлог байна. 91 жилийн түүхийг булаацалдах МАХН хэмээх бас нэг нам бий болчихсон. Уг нь МАН нь МАХН байсан л даа. Одоо гэтэл МАХН нь Н.Энх баярынх болчихоод буй юм. МАН нэрээ өөрчилж, “хувьсгалт” гэдэг үгийг авч хаях шийдвэр гаргаснаас хойш Н.Энхбаярын цэргүүд МАХН нэрийг буцаан олж авахаар тэмцсэн. МАН ч нэрээ өгөхгүйн тулд кампанит ажил өрнүүлж, ингэж товчилж болох бүх нэрийг гишүүдийнхээ нэр дээр яаравчлан бүртгүүлсэн явдал бий. Нэрээ булаацалдаж, 90 жил дарсан хагарлаа илчилсэн үйл явдлууд өнгөрсөн онтой хамт үлджээ.
Н.Энхбаярын даалгавраар Ц.Шинэбаяр УИХ дотроос “эх орончоор” шалгарч, Монгол ардын нам нэрийг буцаан авах үйлсэд зургаан сар хүчин зүтгэсэн. МАН-ынхны хичээл зүтгэл талаар болж, Н.Энхбаярынх үр дүнд хүрсэн шийдвэрийг Дээд шүүх яагаад ч юм гар гасан. Ингээд нэрийн төлөөх “дайнд” Ерөнхийлөгч асан ялсан. МАН-ынхан баахан МАХН товчлолтой нэрээ халааслаад л үлдэв. Нэрээ авсан эрхмийн сэтгэл харин ханасангүй. Сайн, сайртай 90 жилийн түүхийг буцаалцалдах нь тэр. “Танай түүх бол манай түүх. Манай түүх бол манай л түүх” гээд Н.Энхбаяр малийж байна. МАН-ынхан “МАН бол МАХН-ын зүй ёсны үргэлжлэл мөн. МАХН бол Дээд шүүхэд бүртгэлтэй шинээр байгуулсан нам” гэж хэчнээн ухуулаад нэмэргүй. Орон нутагт энэ хоёр намыг андуурагчид олон байна. Иймэрхүү янзтайгаар МАН, МАХН-ынхан 91 жилийн ойгоо угтав.
Ойдоо зориулан МАН “Долоон бурхан од харвадаггүй” нэртэй кино хийжээ. Өнөөдөр эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, гэрэл зургийн үзэсгэлэн гаргана. Мөн эрх баригч намын баярт зориулан бөхийн барилдаан болох юм. МАХН юугаар дутах вэ дээ. Тэд өнөөдөр Тасганы овоон дээрээс нар мандахыг харах юм гэнэ. Сүхбаатарын талбай дээр лаа асаах ч сураг гараатахлаа. Эх орончдын өдөртэй Шинийн найман давхцаж байгаа л даа. МАН долоон бурхан од руу, МАХН нар руу саравчлах юм биз дээ. Энэ явдал 12 жилд багтахын тулд тэмээ, хулгана хоёрын хийсэн “тулаан”-ыг санагдуулатахав. Нар мандахыг хэн түрүүлж харсан нь 12 жилд багтахаар тэмээ, хулгана хоёр мөрийцдөг дөө. Тэмээ “санаатай” болохоороо наран ургах зүүн зүг рүү харж, хулганыг дээрэлхэхээ мэддэг юм. Хулгана аргагүйн эрхэнд баруун зүг рүү харж суудаг ч нарны туяа уулын оройд тусахыг түрүүлж олж үзнэ. Ингээд 12 жилийн нэг, эр дэнийн зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан хулгана нэгэн жил болдог. Энэ тохиолдолд МАХН, МАН-ын хэн нь хулгана, хэн нь тэмээ болохыг харин таашгүй.
С.ТУУЛ