УИХ-ын 2012 оны ээлжит бус чуулган өнөөдөр 11.00 цагаас нээлтээ хийнэ. Түүний дараа 12.00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болох юм. Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас болох юм байна. Маргааш болох Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Д.Лүндээжанцан, З.Энхболд нараас өргөн мэдүүлсэн Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Ээлжит бус чуулган маргааш үргэлжилж Шүүхийн тухай хуулийн төсөл болон Шүүхийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хуульч сонгон шалгаруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлэг, Төсвийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн болон “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хийнэ. Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ сарын 7-ны өдөр хийж дуусгахаар төлөвлөжээ. Гишүүдийн ирц өнөөдрийн байдлаар 77.6 хувьтай байна.
Г.ЭНХ