Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт хятад иргэд хилийн бүсэд галт зэвсэгтэй явж байсныг энэ сарын 2-нд хилийн цэргийн 0243 дугаар ангийн хилчид саатуулжээ. Тус сумын нутаг Сайдын ам нэртэй газарт “Мөнгөөлэй” компанийн менежер Д.Цогтжаргал, БНХАУ-ын иргэн Жу Шин, Шан Сэнг Юү, Жу Бэнг нар хууль бусаар гурван гөрөөс, нэг үнэг агнаад өвчиж байсныг үйлдэл дээр нь барьсан аж. Тэдний биед болон автомашинд үзлэг хийхэд Чех улсад үйлдвэрлэсэн винтов, карбин, ХБНГУ-д үйлдвэрлэсэн “Валтер” маркийн гар буу тус бүр нэг, долоон төрлийн 423 ширхэг сум, загасны хоёр уурга, мөс цоолох өрөм, ангийн зориулалттай гэрэл зэргийг авч явжээ. Хилийн дэглэм зөрчсөн дээрх хүмүүс 19000 юань, хоёр сая орчим төгрөгтэй явж байсан гэнэ. Хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч, хулгайгаар ан хийж, хил орчмын дэглэмийг зөрчсөн монгол, хятад иргэдийг хилчид тагнуулын байгууллагад шилжүүлэн шалгуулахаар болжээ.