Төв аймагт амьдардаг, сонгуулийн насны 53 мянга гаруй иргэнд сонин сорилт тулгараад байна. “За яах вэ, дөрвийн дөрвөн нэр дугуйлах юм” хэмээн уужуу ханддаг байсан урьдын тавиухан сонголт хоёр дахин хумигдаж орхилоо. Өмнө нь УИХ-д дөрвөн түшээ илгээдэг байсан бол өнөө жил ердөө хоёр гишүүн “төрүүлэх” мандат энэ тойрогт ногдох болсон. Энэ нь сонгогчдоос илүү хурц хараа шаардах нь гарцаагүй. Мандатын тоо нь ганцаар цөөрсөн бусад тойрогт л гэхэд нэр дэвшихээр горилогсдын дунд “хөөрхөн” дажин дэгдэж байгаа юм, Төв аймагт өдгөө сонгуулийн “халуу шатаж” буй биз ээ. Үнэндээ ч хоёрын хоёр мандат “сох дутчихсан” тойрогт нэр дэвших эрх олж авахын тулд нэг намын дотоодод ч хувь улстөрчдийн хооронд ширүүн тэмцэл өрнөх нь энүүхэнд. Ингээд намуудаас Төв аймагт хэн гэдэг улстөрчдийг сойхоор ярилцаж байгааг сонирхъё.

МАН
Одоогийн МАН МАХН нэртэй байхдаа Төв аймгийг “эзэгнэнхэн төржээ” гэж хэлж болно. УИХын 2000, 2004, 2008 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн дөрвөн эрхэм дөрвүүл Парламентад сууснаас үзэхэд Төв аймаг яах аргагүй “час улаан” тойрог аж. Тиймээс улс төрийн нам нэр усаа сольсноор сонгуульд үзүүлэх амжилтад нь хэрхэн нөлөөлдгийг Төв аймгийн сонгогчид бараг тодорхойлоод өгөх биз ээ. 2008 оны сонгуульд МАН(МАХН)- аас нэр дэвшиж сонгогдсон Шадар сайд М.Энхболд, УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Дондог, Су.Батболд нараас 2012 оны сон гуульд Төв аймагт дэвших хоёр мандатын эзэд тодорно. Эх сурвалжийн өгүүлж буйгаар бол, хоёр Энхболдод ийм шаанс хамгийн өндөр байгаа аж. “Сант Марал” судалгааны төвөөс 2011 оны сүүлчээр Төв аймаг даяар явуулсан тандалтаар М.Энхболд, Н.Энхболд нар “тасархай” давхисан гэнэ. Н.Энхболдын хувьд Төв аймгаас гурван удаа сонгогдсон “дархан” түшээ юм. Харин М.Энхболд “оройхон гараад ширүүхэн дайрав” гэгчээр 2008 оны ялалтын буухиагаа энэ онд ч үргэлжлүүлж явна. Шадар сайдын хувьд тэрбээр албан томилолтоор ч, мөн хувиараа ч Төв аймгийн сумдаар өнгөрсөн дөрвөн жилийн турш зорчиж, сонгогчидтойгоо ойр ажиллах тактик барьж ирсэн нь нутгийнхны талархлыг хүлээж чаджээ. Харин Н.Энхболдын адил Төв аймгаас гурвантаа сонгогдож, УИХ-ын гишүүнээр тасралтгүй 12 жил ажиллаж буй ахмад парламентч Д.Дондогийн нэр хүнд өнгөрсөн сонгуулиас хойш жил ирэх бүр уруудах шатлалаар буурч байгаа юм билээ. Түүний холбогдсон авлигын хэргийн тухайд нутгийн олонд өмөөрөх сэжүүр тун олдохгүй байгаа болов уу. 2012 оны сонгуульд нэр дэвших боломжоор хомстож яваа нь Су.Батболд юм. УИХ-д бас чиг найман жил сууж, хууль батлах турш ла га хуримтлуулсан түүнд энэ сонгуулиас дутах хүсэл хаанаас төрөв гэж. Гэвч нам нь хоёр Энхболдод мандат олгохоор шийдэж буй энэ цаг үе Су.Батболдын хувьд хувь заяаны шоглоом шиг хатуу санагдаж буй нь тодорхой.
АН
Төв аймгаас төрсөн УИХ-ын анхны дэд дарга МАН-ын Н.Энхболд биш л дээ. Эрт урьд цагт гэдэг шиг, 1996- 2000 оны Парламентад Төв аймгаас сонгогдсон АН-ын До.Ганболд ч бас УИХ-ын дэд даргаар ажиллаж байв.Тухайн үед ардчиллын залуус дотроо тулхтай, нуруутайгаараа ялгарч чадсан До.Ганболд 2000 оны сонгуульд, мөн М.Зэнээ агсны орон гарсны дараах нөхөн сонгуульд нэр дэвшсэн боловч нам нь ташраараа ялагдал хүлээж байсан тэр он жилүүдийн шуурганд мөн л бүдэрч орхисон. Түүнээс хойш АН-ын ганц ч нэр дэвшигч Төв аймагт ялалт байгуулалгүй 2012 оны сонгуультай золгож байна. Сүүлийн үед АН-аас До.Ганболд Төв аймагт нэр дэвшинэ гэсэн сураг ажиг нэлээд яригдаж буй боловч энэ мэдээлэл нотлогдсонгүй. Харин 2008 оны сонгуульд нэр дэвшсэн Х.Золжаргал, Д.Доржпү- рэв нар “даагаа нэхэх” аж. Х.Золжаргалын хувьд хамтарсан Засгийн газрын үед ХХААХҮ-ийн дэд сайдаар хариуцлагатай ажиллаж, сонгогчдодоо өөрийнхөө хэн болохыг таниулж чадсан. АН-ын Төв аймгийн хорооны дарга Д.Доржпүрэв УИХ-ын сонгуульд хоёр дахь удаагаа өрсөлд өх гэж байгаа. Тэрбээр Төв аймагтаа сайн ч нэр дуулсан, муугаараа ч бишгүй цоллуулдаг нэгэн. Залуу хүний хувьд дахиад нэг үзээд алдах зориг нь л түүнийг ташуурддаг болов уу.