МАН-ын ёс зүйн хорооноос УИХ-ын сонгуультай холбоотойгоор иргэдийн саналыг худалдаж авах гэсэн оролдлогуудын талаар баримтыг олон нийтэд үзүүллээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн айл өрхүүдээр алтадсан Намсрай бурхан тараагдсан бол бусад аймгуудад урлагийн тоглолт, киноны бичлэг бүхий DVD, CD, үзвэрийн тасалбар тараах зэрэг үйлдлүүд олон гарчээ. Эдгээрийг орон нутгийн иргэд, МАН-ын гишүүд, дэмжигчид баримтжуулан мэдээлсэн байна.
Өнгөрсөн сар шиний өдрүүдэд ийм үйлдэл нэлээд эрчимжсэн болохыг иргэдийн мэдээлэл батлаж байгаа аж. Сэлэнгэ аймгийн дээрх баримтаас гадна Өвөрхангай аймагт УИХ гишүүн морины уралдаан зохион байгуулсан, Дорнод аймгийн Засаг дарга нь нэр дэвших хүсэлтэй албан тушаалтнаа дагуулан айл өрхүүдээр 5000 төгрөгийн үнэтэй үзвэрийн тасалбар тараасан зэрэг баримт иржээ. "Энэ мэт хууль бус үйлдлийн цаана Ардчилсан намын нэр дэвшигчид, мөн бусад намын цөөн тооны гишүүд байгаа" хэмээн МАН-ын ёсзүйн хорооны дарга Н.Цагаанхүү ярилаа.
Орон нутгийн иргэдийн мэдээлэл дутмаг байгааг ашиглаж, саналыг татах зорилготой энэ мэт хууль бус үйлдэл олон гарч байгаа нь мэдээлэл, баримтаар батлагдсаар байгаа тул МАН-ын зүгээс бусад намынхан шударга, ёс зүйтэйгээр сонгуульд өрсөлдөх уриалга дэвшүүлж буйгаа мэдэгдсэн юм. Мөн нэр дэвшигч, намуудын хууль бус үйлдлийг сонгуулийн ерөнхий хороо болон хууль хяналтын байгууллагад мэдээлэх боломжтой гэдгийг давхар дуулгасан юм.
Б.МАНДУХАЙ