Өдөр, шөнө
Орц:
- 100 гр хар шоколад
- 100 гр цагаан шоколад
- 500 мл цөцгий (33-35 хувийн тослогтой)
- 150 гр элсэн чихэр
- 10 гр желатин
Хийх арга:
Шоколаданд дуртай зочноо энэ амттанаар дайлаарай. Дээрх хэмжээний орцоор бэлтгэсэн бол 5-7 хүнийг дайлж хүрнэ.
- Желатинаа 150 мл буцалсан хүйтэн усанд хийж цаг хэртэй дэвтээнэ. Дараа нь тасалгааны хэмтэй болтол бүлээсгэнэ. Хэт халааж, буцалгаж болохгүйг санаарай.
- Хоёр төрлийн шоколадаа устай саванд өөр сав давхар хийж хайлуулна.
- Цөцгийгөө элсэн чихэртэйгээ хутгана. Сайтар хутгасны дараа хоёр хувааж, нэг хэсэгт нь цагаан шоколад хийж, үлдсэн хэсэгт хар шоколадаа хутгана. Дээр нь бүлээсгэсэн желатинаа мөн тэнцүү хувааж хийж хутгаарай.
- Аяганд хоёр өнгийн зуурмагаа хоёр талаас нь зэрэг зөөлөн гоожуулж хийгээд хөргөгчинд 5-6 цаг байлгана. Бэлэн болсон “Өдөр, шөнө” суфлег ширээнд тавихаас өмнө гааны навчаар чимэглэж болох юм.
Дарсан ногооны хачиртай котлет
Орц:
- 100 гр цөцгийн тос
- 750 гр төмс (жижиг хэмжээтэй байвал сайн)
- 4 ш лууван
- 4 х/х ургамлын тос
- 100 гр даршилсан ногоо
- 600 гр үхрийн таташ
- 1 ш өндөг
- 100 гр хатаасан талхны үйрмэг
- Яншуй, давс, перец
Хийх арга:
- Яншуйг хүйтэн усаар угааж жижиг хэрчээд цөцгийн тостой хольж хутгаад давс, перецээр амтална. Үүнийгээ тугалган цаасанд боож хөргөгчинд хийнэ. Төмсөө хальслаад ижил хэмжээтэй хэрчинэ. Луувангаа том том хуваагаарай.
- Ургамлын тосонд давс, перец нэмж хутгаад төмсөн дээрээ асгана. Үүнийгээ 180 хэмд халаасан шарах шүүгээнд 30-40 минут жигнэнэ.
- Дарсан ногоог жижиглэн хэрчиж талхны үйрмэг, мах, өндөгтэй нийлүүлж хутгаад амтална. Бэлтгэсэн шанзаар котлет хэвлээд ургамлын тосонд тал бүрээр нь таван минут хэртэй шарна.
- Бэлэн болсон котлетаа шарсан төмс, амталсан цөцгийн тостой хамт таваглаарай.
Зайдастай төмсний шөл
Орц:
- 2 ш бөөрөнхий сонгино
- 4-5 ш төмс
- 1,5 л бульон
- 1 ш лууван
- 1 багц яншуй
- 2 х/х ургамлын тос
- 4 ш зайдас
- 2 х/х цөцгий
- Давс, нунтаг хар, улаан перец
Хийх арга:
- Сонгиныг хальслаад жижиг хэрчинэ. Төмсөө цэвэрлээд дунд зэргийн хэмжээтэй шоо дөрвөлжин хэрчинэ. Ургамлын тос хийж халаасан тогоондоо сонгиноо хийж таван минут хэртэй хуурсны дараа дээр нь шөл, төмс, давс, перец нэмнэ.
- Лууван, яншуйгаа цэвэрлээд жижиглэн хэрчиж тогоотой шөлөн дээрээ нэмнэ. Шөлөө зөөлөн гал дээр 20 минут буцалгана. Зайдсаа зузаан, дугариг хэрчиж шөлөн дээрээ хийгээд 5-7 минут буцалгаарай.
- Болсон шөлөө таваглахдаа халбага цөцгий хийж, яншуйгаар чимэглээрэй.