
Лондоны олимпийн наадам болоход цөөхөн сар үлдлээ. Тус улс энэ удаагийн дэлхийн спортын их наадмыг зохион байгуулахад ихээхэн анхаарч, ялангуяа олимпийн хотхоныг сүүлийн үеийн техник технологи ашиглан бүх талаараа байгальд ээлтэй байхаар бүтээн байгуулж байгаа юм. Байгальд ээлтэй шинэ хотхоныг хэрхэн барьж, байгуулж байгаа талаарх “Ногоон орчны төлөө” богино хэмжээний баримтат киног Монгол дахь Английн Элчин сайдын яамнаас өнгөрсөн мягмар гаригт “Black box” театрт үзүүлж сонирхуулсан юм. Англичууд олимпийн хотхоныг байгуулахад нийт 80 тэрбум фунт зарцуулж байгаа гэнэ. Баримтат киног нээсэн ИБУИНВУ-аас манай улсад суугаа Элчин сайд, хатагтай Торда Абботт-Вотт “Энэ удаагийн олимпийн наадамд манай улс өмнө байгаагүй их хөрөнгө зарцуулж байгаа. Хамгийн гол нь энэ хөрөнгө оруулалт хойч үедээ бидний үлдээх хөгжил цэцэглэлтийн томоохон ажил байх болно” хэмээн ярив. Сүүлийн үед тус улсын иргэд байгаль орчиндоо ихээхэн анхаарах болсон бөгөөд экологид ээлтэй олон ажлыг хийх санаачилга Засгийн газартаа тавих болсон байна. Тиймээс иргэдийн тавьсан саналуудаас олимпийн хотхон байгуулахад тусгасан талаар тэрбээр дурдсан. Лондоны олимпийн хотхоныг байгуулахад ямар шинэ технологи ашиглаж, хэрхэн байгальд ээлтэйгээр бүтээж байгаа сонирхолтой мэдээллүүдийг бид удахгүй дэлгэрэнгүй хүргэнэ.