УИХ-ын 2012 оны гуравдугаар сарын 07- ны өдрийн ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцэн баталсан билээ. Энэ дагуу төсөвт байгууллагад ажиллагсдын цалин, ахмад настнуудын тэтгэвэр, зарим тэтгэмжийг энэ оны хоёрдугаар сарын 1-нээс тооцон нэмэх болсон. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчид 80 мянган төгрөгийн нэмэгдсэн цалин, өндөр настнууд 53 хувийн нэмэгдэл тэтгэврээ энэ сард багтаан нөхөн авах боломж бүрдсэн юм.
Төсвийн тодотголоор төрийн албан хаагчид, тэр дундаа багш, эмч гээд мянга мянган хөдөлмөрчин хүний цалингаас гадна ахмадуудын тэтгэвэр, зарим тэтгэмжийг хоёрдугаар сарын 1-нээс тооцон нэмж амласандаа хүрсэнд Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо Ерөнхий сайд С.Батболдод талархал илэрхийллээ. Засгийн газар эхний ээлжинд ийнхүү цалин, тэтгэвэр, зарим тэтгэмжийг нэмсэн бол тавдугаар сарын 1-нээс дахин тодорхой хувиар нэмэх юм.
Э.ТӨР