МоАХ-ны эмэгтэйчүүдийн хөдөлгөөний II чуулган өчигдөр Төрийн ордонд боллоо. Арга хэмжээг нээж МоАХын тэргүүн Х.Баттулга үг хэлсэн. Чуулганд 800 бүсгүй оролцсоны 500 орчим нь орон нутгаа төлөөлж иржээ. Бүсгүйчүүд нийгэмд тулгамдаад буй асуудал, түүнийг хэрхэн шийдэх талаар санал бодлоо солилцсон байна. Монгол хүн эрүүл байхын тулд ураг эхийн хэвлийд бүрэлдэж, хүүхэд төрөхөөс төлөвших хүртэл анхаарах ёстойг хэлж байлаа. Мөн тус хөдөлгөөний тэргүүн Ц.Баярмаа “Эмэгтэйчүүд шударга ёсны төлөө” сэдвээр илтгэл тавьсан.
1990 онд сайн сайхныг зорьж хийсэн тэмцэл нь өнөөдөр үнэгүйдэхэд хүрч буйг тэр онцлов. Хүн бүр хуулийн өмнө тэгш байна гэсэн Үндсэн хуулийн заалт хэрэгжихгүй, эмэгтэйчүүдийг нас, хүйс, хөрөнгө чинээгээр нь ялгаварлах байдал гаарсныг сануулсан юм. Түүнчлэн амьд явах эрх алдагдаж, эргэн тойронд эрсдэл, аюул дагуулсан орчин бий болж, байгаль орчин сүйдсэн, ажилгүйдэл ядуурал нэмэгдсэнийг ярив. Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээхийг тэр бээр асуугаад ирэх сонгуулиар зөв сонголт хийж, алдаагаа засахыг уриалсан.
С.УУЛ