УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр МАН, АН-ын дарга нарт ийм шаардлага хүргүүлжээ. Нэрээ солих XXVI их хурал дээрээ одоогийн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх НИК ХК, МАК ХХК болон УИХын гишүүн Б.Чойжилсүрэн, Ш.Сайхансамбуу нар тус бүр намдаа нэг тэрбум төгрөг, гишүүн Д.Дамба-Очир 500 сая төгрөг хандивласан тухай мэдээлж байсан аж. Энэ талаар Ц.Шинэбаяр гишүүн “Тэр үеэс хойш жил хагасын хугацаа өнгөрлөө. Хандив өгсөн хүмүүсийн тоо нэмэгдсэн биз. Улс төрийн намуудын тухай хуулийн 18.3-т намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс 10 сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй. Мөн хандивлагч намд жилд хоёроос дээш удаа хандив өгөхийг хориглоно гэж заасан байдаг. АН-ынхан мөн УИХ-д нэр дэвших хүсэлтэй хүмүүсээс 50 сая, орон нутгийн сонгуульд бол 20 сая төгрөгийн татвар авсан. Хуулиас давсан хандиваа улсын төсөвт тушаахыг би уг хоёр намын даргаас шаардсан” гэлээ.
Тэрбээр үүнээс гадна хоёр ч асуудлаар өчигдөр сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлсэн юм. Удахгүй болох сонгуулиар иргэд цахим үнэмлэхээр саналаа өгөх учиртай. Гэтэл уг үнэмлэхийг хэвлэх ажил ч эхлээгүй байна. Мөн цахим үнэмлэх хэвлэх, холбогдох программ зохиох эрхийг ямар нэг тендер зарлалг үйгээр “Бодь интернэшнл” ком панид өгсөн тухай ярив. “Тус компанийн захирал М.Зоригт 2004 онд Дорнод аймагт нэр дэвшихдээ 300 гаруй иргэний үнэмлэхийг хуурамчаар хэвл үүлж байсныг батлах баримт надад бий. Би тухайн үед гурван ч хэсгийн хороон дээр хувиараа шалгалт хийж үүнийг илрүүлж, СЕХ болон намдаа хандаж байсан. Ийм хүний компанид цахим үнэмлэх хэвлэх эрхийг ямар нэг өрсөлдөөнгүйгээр шууд олгосныг хуулийн байгууллага шалгах ёстой. Энэ асуудлаар эхлээд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хандсан” гэлээ.
Сайд түүнд “Энэ шийдэхэд хэцүү асуудал байна. Гэхдээ боломжийн байдлаар шийднэ, судална” гэж хэлсэн гэнэ. Боломжийн байдлаар шийднэ гэж юу гэсэн үг болохыг эрхэм гишүүн ойлгохгүй байгаа аж. Үүнээс гадна улсын төсөвт үргүй зардал хэтэрхий их тусгаж байна хэмээн шүүмжлэв. Энэ УИХ л гэхэд дөрвөн жилд гурван их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад зориулжээ. Үүнийг тэрбээр Дорнод аймгийнхаа жишээгээр тайлбарласан. Тус аймгийн 13 сум бүгд өндөр хүчдэлийн шугамд холбогдсон юм байна. Гэтэл энэ оны улсын төсөвт Чулуунхороот суманд өндөр хүчдэлийн шугам татахад 4.5 тэрбум төгрөг хуваарилж баталсан аж. “Угаасаа цахилгаантай суманд нэмж шугам татна гэж хөрөнгө тусгасан байна. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн захиалгаар улсын төсвийг үргүй зарж буйн нотолгоо” гэлээ.
С.ТУУЛ