УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, С.Эрдэнэ нар өчигдөр Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслийг өргөн барьжээ. Энэ талаар тэд сэтгүүлчдэд мэдээлэл хийв. УИХ-ын ээлжит бус чуулганаар Тэтгэврийн зөрүүг арилгах тухай хуулийн төслийг баталсан. Уг төсөл үүний дараагийн шатны хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхтэй холбоотой аж.
С.Эрдэнэ гишүүн энэ тухай “Тэтгэврийн зөрүүг арилгах хуулийг баталснаар 1995 оноос өмнө тэтгэвэртээ гарсан 160 мянган хүн асуудлаа шийдүүлэх боломж бүрдсэн. Үүнд зориулж төсвөөс 20-23 тэрбум төгрөг нэмж гаргах шаардлагатай. Өнөөдрийн бидний өргөн барьсан хуулийн төсөлд өөрөөс нь үл шалтгаалах зүйлээр буюу нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлээгүй, эрхлэх боломжгүй болсон иргэдийн 1990-2000 оны ажилласан жилийг нөхөж тооцохоор тусгасан. Тэд мөн нийгмийн даатгалаа нөхөж төлөх боломжтой болно. Ингэснээр ажилласан жил нь дутаж, бүрэн тэтгэвэр авч чаддаггүй иргэдийн асуудлыг шийдэх юм. Ийм 100 мянга орчим иргэн бий.
Уг асуудлыг шийдэхэд улсын төсвөөс ямар ч зардал гарахгүй. Харин дээрх иргэд тухайн үеийнхээ ханшаар тооцож, нийгмийн даатгалын шимтгэлийнхээ 10 хувийг Тэтгэврийн даатгалын санд төлнө. Ингэснээр харин ч дээрх санд 60-70 тэрбум төгрөг төвлөрнө” гэлээ. Г.Баярсайхан “Шилжилтийн 10 гаруй жилд төрийн халамжийн бодлогоос гээгдсэн хүн олон. Тэдний тэтгэврийн асуудлыг бодлогоор шийдэх учиртай” гэв. Сэтгүүлчид тэднээс зарим зүйл тодрууллаа.
-АН-ын бүлэг сонгууль дөхсөн үед нийгмийн халамжтай холбоотой аливаа хууль санаачлахгүй байхыг уриалсан. Ийм төсөл өргөн барих боломж Сонгуулийн хуулиар байгаа юм уу?
С.Эрдэнэ: -Энэ бол сонгуультай ямар ч холбоогүй асуудал. Улсын төсвөөс мөнгө гарахгүй, харин ч нэмэгдэж орно.
-Өөрөөс үл шалтгаалах нөхцөлөөр ажил хийгээгүй, эрхлэх боломжгүй байсан гэдэгт ямар хүмүүсийг багтаах вэ?
-Энэ асуудлыг Засгийн газрын тусгай журам гаргаж зохицуулна.