Саяхан V их хурлаа хийсэн Монголын уламжлалын нэгдсэн нам (МУНН) УИХ-ын сонгуульд ийм уриатай орох бололтой. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өнөрбаяр болон Удирдах зөвлөлийн зарим гишүүн их хурлынхаа тухай өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэхдээ ийн мэдэгдэв.
Намын даргад дөрвөн хүн нэр дэвшсэнээс МУНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан, “XLTA” компанийн захирал Б.Батболдыг 80.2 хувийн саналаар намын даргаар сонгож, хууль, тагнуулын байгууллагад ажиллаж асан найман хүнээр Улс төрийн ерөнхий зөвлөлөө өргөжүүлжээ. УТЕЗ 63 гишүүнтэй болсон аж. Сүүлийн 20 жил төр, засгийн эрхэнд байсан хүмүүсийг тэд хулгайч гээд шоронд ялаа эдлэх ёстой гэж байна.
Улстөрчид хүүхэд, хамаатан саднаа улс төрд оруулж байгааг ч МУНН-ынхан шүүмжлэв. Сая болсон Их хурлын төлөөлөгчдийн дунд нам дангаараа сонгуульд орох ёстой гэсэн уур амьсгал нэлээд байсан ч бие даах, эвсэх эсэхийг шийдвэрлэх эрхийг УТЕЗ-дөө үлдээжээ. Тэр нь ирэх сарын эхээр хуралдах юм байна. “Монгол хүн Монголынхоо газар шороонд эзэн нь байх ёстой” гэсэн уриатай МУНН нийслэлийн зургаан дүүрэг, дөрвөн аймагт салбар бүхий 6000 орчим гишүүнтэй аж.
Го.ЭНХТӨР