Олимпийн үеэр Лондон хотноо сая гаруй жуулчин ирэх тооцоог зохион байгуулагчид гаргаад буй. Харин үзэгч, жуулчдын аюулгүй байдлыг хангах асуудал Британийн цагдаагийн газрынхны толгойны өвчин болсон. 2005 оны долдугаар сарын 5-нд болсон ОУОХ-ны чуулганаар Лондон хот зуны XXX олимпийг зохион байгуулах эрх авсны маргааш нь дөрвөн амиа золиослогчийн дэлбэлсэн бөмбөгт энгийн 52 хүн өртөн амиа алдсан гашуун түүх бий.
Иймэрхүү үйлдлийг олимпийн үеэр гаргуулахгүйн тулд англичууд бэлтгэл ажлыг сайн хангахыг хичээж байгаа. Тэд энэ ажлын хүрээнд үнэрч нохдыг бэлдэж байгаа аж. Эдгээр ноход нисэх буудал болоод галт тэрэгний буудал дээр ажиллаж, зорчигчдын авч яваа тээшийг үнэрлэн, тэсэрч, дэлбэрэх бодис авч яваа эсэхийг нь мэдэх юм. Британийн тээвэр хариуцсан цагдаагийн байцаагч Эд Пурчес “Ноход аюулгүй байдлыг хангах ажилд том тус хүргэх болно” хэмээн ярьсан байна.
Фелпс улирлын шилдэг амжилтыг үзүүлэв
Бээжингийн олимпоос найман алтан медаль хүртэж, үндэсний баатар болсон усанд сэлэгч Майкл Фелпс Лондонд уралдах бэлтгэлээ базаасаар буй. Тэгвэл америк залуу формондоо орж байгаа бололтой. Тэрбээр саяхан Коламбусын гранпригийн 200 метрийн эрвээхэй сэлэлтэд 1:55.32 амжилтаар түрүүлж, энэ жилийн хамгийн шилдэг цагийг үзүүлсэн байна. Фелпс Бээжингийн олимпийн найман зайд түрүүлэхдээ долоод нь дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Харин үүнээс хойш бэлтгэлээ багасгаж, тэр хэрээр үзүүлэлт нь буурсан юм. Хэдийгээр өнгөрсөн жилийн ДАШТ-ээс дөрвөн алт авсан ч Бээжинд аваргалсан гурван ч зайдаа бусдад ялагдсан юм.
Олимпийн бамбар 12 мянган км зам туулна
Лондончууд тавдугаар сарын 18-нд Грекээс олимпийн бамбараа хүлээн авна. Улмаар маргаашнаас нь эхлээд нь бамбар Британийн арлыг тойрон аялах юм. Хоёр сар гаруй хугацаанд үргэлжлэх аяллын үеэр бамбар Шотланд, Уэльс, Умард Ирланд, Ирландын нутгийг дамжин 12.800 км газрыг туулах аж. Сонирхуулахад цагдаагийн 70 албан хаагч энэ үеэр бамбарын аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах гэнэ.
Испанид учирсан гарз
Энэ улиралд одтой тоглож, “Миннесота”-г үзүүштэй баг болгоод байсан испани залуу Рики Рубио бямба гаригт “Лейкерс”-ийн эсрэг хийсэн тулаанд гэмтэл авсны улмаас улирал дуустал талбайд гарч чадахааргүй боллоо. Тун өрсөлдөөнтэй болсон уг тоглолтын цаг дуусахын өмнөхөн Рубио Кобиг хамгаалахаар очихдоо өвдөгтөө гэмтэл авсан юм. Улмаар Коби торгуулийн хоёр шидэлтээ оруулснаар “Лейкерс” 93:91- ээр хожжээ. Плей-оффын сүүлийн байрын төлөө тэмцэж буй “Волвес”-ын хувьд энэ нь базаахгүй мэдээ байлаа. Тэд өнгөрсөн улиралд 17-65 үзүүлэлтээр бүстээ сүүл мушгисан. Харин Рубиог ирснээс хойш одоогоор 21-21 амжилттай, Өрнөдийн есдүгээр байрт яваа юм.
Залуухан холбогч Рубиогийн хувьд NBA-д өнгөрүүлж буй эхний улиралдаа 10.6 оноо авч, 8.2 оновчтой дамжуулалт өгөн 2.2 удаа бөмбөг тасалж буй нь давгүй үзүүлэлт. Тэрбээр улирлын болоод плей-оффын бүх тоглолтыг өнжихөөс гадна Лондоны олимпод оролцож чадахааргүй болсон нь хамгийн том гарз байлаа. Энэ нь Испанийн шигшээгийн амжилтад нөлөө үзүүлэх нь тодорхой. FIBAгийн чансааны хоёрт бичигдсэн испаничууд олимпийн наадамд Америкийн хамгийн гол өрсөлдөгчид тооцогдож байгаа юм.
Рубио Бээжингийн олимпод багийнхаа хамтаар мөнгөн медаль хүртсэн бөгөөд олимпийн финалд тоглосон хамгийн залуу (тухайн үед 17-той байв) сагсчин болсон юм. Рики нэгэнт Испанид тус болж чадахааргүй болсон тул 30 настай хамгаалагч Х.Кальдерон түүний үүргийг гүйцэтгэх бололтой. Түүний өвдөгт хэзээ мэс засал хийх, талбайдаа хэзээ эргэж ирэх нь тодорхойгүй байгаа ч “Миннесота”-гийн ерөнхийлөгч Дэвид Кан залуу холбогчоо ирэх улирлын эхэнд тоглоход бэлэн болно гэдэгт найдаж буйгаа ярьсан байна.
Б.ТЭМҮҮЛЭН