Иргэний ниймгмийн төлөөлөл болсон таван ТББ нэгдэн “Шударга сонгуулийн түр хороо”-г байгуулж, 2012 оны УИХ-ын сонгуульд хяналт тавих, хамтран ажиллах зорилготой ажиллаж байна. Тус хорооноос өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хүсэлт гаргах шаардлага хүргүүлж, УИХ, Ерөнхийлөгчид энэ шаардлагыг дэмжих хүсэлт гаргаад байгаа юм.
Сонгуулийн ерөнхий хороо 2006 онд байгуулагдсан бөгөөд 2008 оны УИХ сонгууль, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн болон нөхөн сонгуулийг удаа дараа зохион байгуулж байсан ч тэр бүрт иргэд сонгуульд оролцсон нэр дэвшигчид ч сэтгэл дундуур байсан. Үүний тод жишээ бол 2008 оны долоодугаар сарын 1-ний бүх нийтийг хамарсан үймээн. Тухайн үед Сонгуулийн хороо үндсэн үүргээ биелүүлж иргэд, нэр дэвшигчдийн санал гомдлыг цаг хугацаанд нь шийдсэн бол асуудал таван хүний амь, олон саяар үнэлэгдэх өмч хөрөнгийг сүйтгэсэн үймээн болж дэгдэхгүй байсан хэмээн тэд үзэж байгаа аж. Эрх зүй, ёс зүйн чадамжгүй, эрх баригч намын захиалгаар сонгогдсон энэ сонгуулийн хороо ажиллаж байгаа тохиолдолд сонгууль шударга явагдах боломжгүй. Тиймээс энэ шаардлагыг тавьж буйгаа “Шударга сонгуулийн түр хороо”-ныхон мэдээлсэн юм.
Б.МАНДУХАЙ