УИХ-ын ээлжит бус чуулганыг зарласан хамгийн гол шалтгаан уг нь Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл байсан. Гэвч хоёр Бүлэг зөвшилцөлд хүрч чадаагүй учир уг төслийг хаврын чуулган хүртэл хойшлуулсан билээ. Хэдийгээр гол асуудлаа шийдэж чадаагүй ч ээлжит бус чуулганаар дөрөвхөн өдөрт 16 хууль, гурван тогтоолын төсөл баталсан аж. Тэтгэврийн зөрүүг арилгах асуудал болон төсвийн тодотгол гэх мэт цалин, тэтгэвэртэй холбоотой хэд хэдэн ч хуулийг баталсан. Энэ талаар УИХын дэд дарга Н.Энхболд, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга А.Тлейхан тэргүүтэй гишүүд өчигдөр мэдээлэл хийв.
Төсвийн тодотголыг баталснаар төрийн байгууллагын ажилчдын цалин болон тэтгэвэр, тэтгэмж тодорхой хувиар нэмэгдсэн. Уг нэмэгдлийг хоёрдугаар сарын нэгнээс нөхөн олгох юм. АН-ын бүлгээс тавьсан саналын дагуу тодотголыг 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудалтай хамтатган шийдсэн. Ингэснээр 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан, тухайн үеийн тэтгэвэр бодох аргачлал буруугаас болж багаар тогтоолгосон 160 гаруй мянган хүн баярлаж буй. Эдгээр хүний хамгийн бага нь 105 мянган төгрөгийн тэтгэвэртэй юм байна. Төсөвт тодотгол хийсний дагуу хоёрдугаар сарын 1-нээр тооцож тэтгэврийг нь 35 мянган төгрөгөөр нэмнэ. Мөн Тэтгэврийн зөрүү арилгах хуулийг баталснаар тавдугаар сарын 1-нээс нийт 180.000-190.000 төгрөгийн тэтгэвэртэй болох боломж бүрджээ.
Мөн Шүүхийн тухай багц хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Ингэснээр уг салбарт ажиллагчдын мөрдөх ёс зүй, стандарт, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангалж, нарийвчилжээ. Тэднээс зарим зүйл лавлалаа.
-Орон нутгийн сонгуулийн хуулийн төсөл дээр зөвшилцөд хүрч чадах нь уу?
Н.Энхболд: -Энэ талаар хоёр Бүлэг ярилцаад хаврын чуулганаар шийдэх байх. Тусдаа зохион байгуулахгүй бол хэцүү. Хоёр сонгуулийн санал хураах өдөр өөр. Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулиас шууд авч Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд тусгах заалт олон. Тухайлбал, мөнгөн амлалт өгч, эд зүйл тараахыг хориглох тухай гэх мэт авч хэрэгжүүлэхээр заалт олон бий. Хоёр сонгуулийг зэрэг зохион байгуулбал эцэст нь саналын дүн гаргах ажил хүндэрч, будлиан үүсэж болзошгүй. Тиймээс уг сонгуулийг намар зохион байгуулах нь зүйтэй. Хоёр сонгууль хамт, тусдаа болох эсэхээс илүү энэ бол орон нутгийн өөрөө удирдах ёсны асуудал. Тиймээс орон нутгийн бусад асуудлыг хамтад нь хуульд тусгах, үүний тулд тайвуу хэлэлцэх ёстой. Орон нутгийн асуудал Үндсэн хуультай холбогдож байгаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх үеэр энэ бүхнээ тусгаад хамт ярья гэсэн саналыг МАН гаргасан. АН үүнийг авч үзэж байгаа байх.
С.ТУУЛ