АНУ-ын Калифорни мужийн Индиан Уэллст болж буй “BNP Parisbas Open” тэмцээний гуравдугаар тойрогт В.Азаренка ОХУ-ын Светлана Кузнецоваг 6:1, 6:2-оор яллаа. 5.5 сая ам.долларын шагналын сантай уг тэмцээнд хойд хөршийн Николай Давыденко Германы Бьорн Фауг 7:5, 6:2-оор буулгаж авчээ. Хамгийн сонирхолтой нь дэлхийн чансааны дөрөвт эрэмбэтэй Их Британийн Энди Мюррей болон бүсгүйчүүдээс гуравт бичигдэж буй Чехийн Петра Квитова нар теннисний талбайг орхихоос өөр аргагүй болсон юм. Энди Мюррей спорт сонирхогчдын танил бус Испанийн Жарсиа Лопезд хоёр үеийн турш ялагдаж, “Уимблдон”-ы аварга П.Квитова АНУын Кристина МакХэйл-д 6:2, 2:6, 3:6-гаар дийлджээ. Хэдийгээр британи эр ганцаарчилсан төрөлд гавьтай амжилт гаргаагүй ч хос тоглолтод төрсөн дүү Жемитэйгээ гар нийлэн өрсөлдсөөр. Дүү Мюррей 2007 оны “Уимблдон”-ы холимог хосын төрөлд Сербийн Елана Янковичтой хамтран хүч сорихдоо аваргын цом хүртсэнээс гадна жилийн дараа “Америкийн нээлттэй тэмцээн”-ийн холимог хосын шигшээд шалгарсан түүхтэй. Тэгвэл дэлхийн чансааг манлайлж асан америк эр Энди Роддик (30) Чехийн Томаш Бердыхтэй (7), Аргентиний Хуан Мартин Дель Потро (9) Фернандо Вердассо (19) нар оноолт таарчээ. Индиан Уэллст хоёронтаа түрүүлсэн Сербийн Новак Жоковичийн “хамаатан”, хоёр жилийн тэртээ аваргын цомыг гардаж байсан Елена Янкович хоёрдугаар тойргоос үзэгчдийн суудалд шилжив. Тэмцээний аваргууд энэ сарын 17, 18-нд тодорно.
Б.ӨЛЗИЙ