Болдог бол “долдугаар сарын 1”-ний хэргийг олон улсын хөндлөнгийн шүүхээр магадлуулахсан. Цөхөрсөн хүний амнаас энэ үгийг сонсов. Цагдаагийн дарга нарт холбогдох хэргийг хэлэлцсэн Сүхбаатар дүүргийн шүүхийн өчигдрийн хуралдааны шийдвэр олон хүнд ийм бодол төрүүлсэн нь мэдрэгдэж байв. Яг үнэндээ тэр хар өдөр хэн, хаана бусдыг уриалан гуаглаж, цөс нь хөөрсөн олныг хатган турхирсан билээ. Монгол хүн бүхэн тухайн үйл явдлын гэрч юм. Олон хүн О.Магнай, Ж.Батзандан, Б.Жаргалсайхан нарыг хийгээд одоогийн Ерөнхийлөгчийг хүртэл буруутгадаг. Гэтэл тушаал биелүүлсэн төрийн цагдааг төрийн шүүх нь яллахыг завдав. Үүнийг дээрээс шидсэн чулуу гэх хүн мэр сэр байна.
Генерал, хурандаа нарыг цагдан хорих тухай шийд вэ рээ шүүгч уншиж дуусаагүй байхад шахуу л шүүх улстөржлөө гэсэн мессэж “нисэж” эхлэв. Тэгж ч харагдав. Шүүгчийн өчигдрийн шийдвэр, түүний нөлөө нийгэмд маш эвгүй уур амьсгал, үзэл бодлын тун эрсдэлтэй хуваагдал бий болгож мэдэхээр боллоо. Барагтай л бол нугардаггүй нуруутай, урсдаггүй нулимстай цагдаагийн лидерүүдэд шүүгчийн шийдвэр тун хүнд тусчээ. Арай ч тийм зүйл сонсох чинээ санаагүй дээ л тэд цочирч, эмнэлэгт хүргэгдсэн байж таарна. Сонгуулийн улс төрийг бид мэднэ. Гэхдээ 2008 оны долоодугаар сарын 1-нийх шиг самуун, түүнээс ч аймшигтай үр дагаварт хүргэж мэдэх сүүлийн үеийнх шиг үйл явдлууд болж байсангүй. Тийм явдал хэзээ ч болохгүй гэж найдаж байсан монгол хүн үй олон билээ. Засаг дарга нар эхнээсээ баригдаж байна.
Өөрөө өөртөө тушаал өгдөг, шийдвэр гаргадаг, тендерт шууд нөлөөлдөг тэдэнд буруу, зөв байгаа л биз. Гэм байгаа бол шалгуулаад цагаадах нь цагаадаж, хариуцлагаа хүлээх нэг нь хүлээх л ёстой. Харин хүчнийнхэн арай өөр эрх, үүрэгтэй юм. Тушаалыг биелүүлэх л үүрэгтэй. Түүнийх нь төлөө ял ногдуулна гэдэг санаанд нэг л багтамгүй санагдаж байна. Шүүхэд нөлөөлөх оролдлого Ерөнхийлөгч, жирийн ардын хэнд ч байх учиргүй нь үнэн. Гэхдээ л энэ удаагийн шийдвэр нийгэмд маш эвгүй уур амьсгал бүрдүүлж мэдэхээр боллоо. Улс төрийн захиалгат шийдвэр гэж үзэж байгаагаа зарим нам, хөдөлгөөн, улстөрч илэрхийлж эхлэв. Цагдаа нар ажил хаях тухай ч дуулдаж эхлэв. Энд анхаарал хандуулахаас аргагүй нэг зүйл байдаг. Таван хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг бий. Цагдаагийн албан хаагчдаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн тухай төр, засгийнхан ер дуугарахгүй байгаа нь олон түмний гайхал, бухимдлыг төрүүлж байгаа юм.
Эцсийн эцэст, сүүлийн үеийн баривчилгаа, цагдан хорих шийдвэрүүд сонгуулийн улс төр биш байгаасай гэж л хүсэх минь
Го.ЭНХТӨР