Шатрын оюутны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-12-нд “Хос мастер” клуб дээр боллоо. Тэмцээнд 18 байгууллагын эрэгтэй 28, эмэгтэй 24 тамирчин швейцарь системээр долоон өрөг өрсөлдөв. Дүн гарахад эрэгтэйчүүдээс ОУМ Б.Гүндаваа 5.5 оноогоор аваргалж, ФМ У.Насанжаргал 5.5, Г.Мөнхгал, М.Гүнбаяр, дэд мастер Б.Ариунбүүвэй, ФМ Г.Эрдэнэ нар 5 оноогоор удаалсан юм.
Харин эмэгтэйчүүдээс их мастер, 2010 оны оюутны дэлхийн аварга Б.Мөнгөнтуул 6 оноогоор тэргүүлж, Т.Батчимэг 5.5, ФМ Б.Ану 5, спортын мастер С.Сарантунгалаг, ФМ У.Лхамсүрэн, дэд мастер Н.Бадамханд 4.5 оноогоор шагналт байруудыг эзэлсэн байна. Багийн дүнгээр МУИС, ШУТИС, “Мон-Алтиус”-ийн шатарчид тэргүүлсэн юм. Ангилал бүрийн эхний дөрвөн байрт шалгарагсад наймдугаар сарын дундуур Португал улсад болох оюутны ДАШТ-д оролцох эрхийг авчээ.
УАШТ-д оролцох шатарчид тодорлоо
Шатрын УАШТ-ий хагас шигшээ шат өнгөрсөн долоо хоногт өндөрлөлөө. Тэмцээнд 120 шахам тамирчин оролцож, швейцарь оноолтын дагуу өрсөлдсөн юм. Эрэгтэйчүүд 11 өрөг тоглосноос эхний 14 тамирчин адилхан 7.5 оноотой гарсан бөгөөд коэффициентийн давуугаар уржнангийн улсын аварга ОУМ Н.Баттулга түрүүлж, ФМ Н.Төвсанаа, Г.Эрдэнэ нар удаалсан байна. Эмэгтэйчүүдийн хувьд их мастер Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг нарт Дэлхийн шатрын олимпиадад шууд оролцох эрхийг холбооны зүгээс олгосон тул тэд хагас шигшээ байтугай улсын аваргын шигшээд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Ингээд энэ шатанд 45 шатарчин есөн өрөг тоглоход их мастер Д.Шаравдоржийн гэргий, спортын мастер С.Сарантунгалаг 7.0 оноогоор түрүүлж, спортын мастер Б.Баярмаа 7.0, энэ тэмцээнд ОХУ-аас ирж оролцсон ФМ А.Энхтуул 6.5 оноогоор удаалсан байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд эхний 13, эмэгтэйчүүдээс 11 байрт шалгарсан тамирчид дөрөвдүгээр сарын эхээр болох шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа. Тэдэн дээр ноднингийн УАШТ-ий медальт ФМ М.Гүнбаяр, их мастер Д.Шаравдорж, ФМ У.Насанжаргал, ОУМ Д.Янжиндулам, Б.Анхчимэг нар нэмэгдэн шувтаргын шатанд өрсөлдөх ажээ. Ингээд эрх авсан шатарчдыг танилцуулъя.
Эмэгтэй
Тоглогч Чансаа Хо Тэ Хд Оноо Коэфф
1.С.Сарантунгалаг 1832 6 2 1 7.0 46.5
2.Б.Баярмаа 2065 6 2 1 7.0 44.5
3.А.Энхтуул 2084 5 3 1 6.5 47.0
4.У.Лхамсүрэн 2010 5 3 1 6.5 44.5
5.Ц.Мөнхчулуун 1994 5 3 1 6.5 42.0
6.Н.Бадамханд 1906 6 1 2 6.5 40.0
7.Б.Эрдэнэцэцэг 1872 5 2 2 6.0 40.5
8.Б.Билэгжаргал 1867 4 4 1 6.0 40.0
9.С.Отгонжаргал 2047 5 2 2 6.0 39.0
10.Э.Хулан 1834 6 - 3 6.0 37.5
11.Г.Сайханзаяа 1773 6 - 3 6.0 35.0
Эрэгтэй
Тоглогч Чансаа Хо Тэ Хд Оноо Коэфф
1.Н.Баттулга 2265 4 7 - 7.5 72.0
2.Н.Төвсанаа 2160 4 7 - 7.5 70.5
3.Г.Эрдэнэ 2244 5 5 1 7.5 70.5
4.Б.Хатанбаатар 2232 4 7 - 7.5 69.5
5.Ц.Батчулуун 2293 5 5 1 7.5 68.0
6.Б.Галмандах 2071 7 1 3 7.5 66.5
7.Б.Өлзийбаяр 2090 6 3 2 7.5 66.0
8.С.Ган-Од 2157 4 7 - 7.5 65.5
9.М.Мөнгөнхүү 2170 7 1 3 7.5 65.0
10.Б.Гүндаваа 2356 5 5 1 7.5 65.0
11.Б.Болд-Эрдэнэ 2169 5 5 1 7.5 64.0
12.Г.Мөнхгал 2252 4 7 - 7.5 63.5
13.Ц.Лхагвасүрэн 2172 6 3 2 7.5 63.0
М.ОРГИЛ