УИХ дахь АН-ын бүлэг 2011 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар өчигдөр мэдээлэв. Намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нээс 2012 оны хоёрдугаар сарын 15 хүртэл ажлын 69 хоног үргэлжилжээ. Бүлгийн дарга Ч.Сайханбилэг, дэд дарга Л.Гантөмөр нарын ярьснаас үзвэл тус бүлэг энэ хугацаанд 28 удаа хуралдаж 90 гаруй асуудал хэлэлцсэн байна.
Орон нутгийн сонгуулийг УИХ-ынхтай зэрэг явуулах тухай асуудлаар УИХ дахь намуудын хоёр бүлэг байр сууриа нэгтгэж чадаагүй билээ. Энэ тухайд УИХ боломжоо шавхсан гэж АН-ын бүлэг үзэж буй аж. Тийм болохоор 2007 оны эцсээр баталсан Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх шаардлагыг тус Бүлэг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлжээ. Уг хуулийг хэрэгжүүлэх талаар ямар ажил хийснээ хаврын чуулган дээр танилцуулах нь зүйтэй гэж бас үзсэн байна.
Хуулийг хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд өөрийн биеэр хариуцдаг юм. 2007 онд батлагдсан хуульд Орон нутгийн сонгуулийг УИХ-ынхтай хамт явуулахаар тусгасан юм. Тиймээс намар, аравдугаар сард явуулдаг байсан тов хүчингүй болжээ. Тэгэхлээр Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахыг Ерөнхий сайдаас шаардана гэдэг угтаа хоёр сонгуулийг хамт явуулахаар бэлтгэлээ базаа гэсэн л үг болж таарч байна.
Хоёр сонгуулийг хамт явуулахад одоогийн мөрдөж буй хуулиар зарим нэг зөрчил үүсэх төлөв бий ч Н.Энхболд, Д.Лүндээжанцан нарын тус тусдаа боловсруулсан төслийг хаврын чуулганаар хэлэлцээд баталчихвал зөрчил арилах аж. Улсын бүртгэлийн ерөнхий газар нийт сонгогчдын нэрсийг хуулийн дагуу өчигдөр бэлэн болгосон байх ёстойг Ё.Сайханбилэг сэтгүүлчдэд уламжлав.
Р.ЖАРГАЛАНТ