УИХ-ын Тамгын газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлага, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон газар, хэлтсийн дарга нартай уулзаж Монгол Улсын хууль, УИХ-ын бусад шийдвэрийн хэрэгжилтийн талаар ярилцлаа. Уулзалтад УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, УИХ-ын Байнгын хороодын Ажлын албаны дарга Д.Одсүрэн, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Содномжамц, Байнгын хорооны зөвлөхүүд оролцлоо. 2008 онд шинэ Парламент үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших хугацаанд бие даасан нийт 104 хууль баталжээ.
УИХ-ын 63 тогтоолын 213 заалтаар Засгийн газарт тодорхой үүрэг өгсөн байдаг аж. Давхардсан тоогоор 22 тогтоолын 50 заалт бүрэн хэрэгжиж, 45 тогтоолын 163 заалт буюу 76,5 хувь нь / дөрөвний нэг нь/ хэрэгжих шатандаа байна гэж Д.Одсүрэн хэллээ. 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 2012 оны гуравдугаар сарын 13-ныг хүртлэх хугацаанд УИХ-ын гишүүдээс Засгийн газар, яам агентлаг зэрэг 54 байгууллага, албан тушаалтанд 3327 ширхэг хугацаатай албан бичиг явуулсан байна. Эдгээрийн 3109 буюу 93.4 хувьд нь “шийдвэрлэгдсэн” гэсэн хариу өгч, 218 буюу 6.6 хувьд нь хариу ирээгүй, асуудал шийдвэрлэгдээгүй хүлээгдэж байгаа гэнэ.
Албан бичгийн хариу ирүүлдэггүй, хүнд сурталтай байгууллагыг Д.Хаянхярваа сайдтай Сангийн яам, Ч.Хүрэлбаатар даргатай Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ё.Отгонбаяр сайдтай БСШУЯ, Н.Хүрэлбаатар сайдтай ЭМЯ, Д.Зоригт сайдтай ЭБЭХЯ тэргүүлжээ. Санхүүгийн эх үүсвэр нь тодорхойгүйгээс хууль, бусад шийдвэрийг хэрэгжүүлэхэд хүндрэл учирдаг гэсэн зовлонг УИХ-ын Тамгын газрын зарим ажилтан хэлж байна билээ. УИХ-ын хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийн талаар санал бодлоо солилцдог ийм уулзалтыг хавар, намрын чуулганы төгсгөлд хийдэг байя гэсэн саналыг УИХын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж гаргасан юм.
Энэ арга хэмжээг зарим яам, газрын удирдлага үл тоосон бололтой. Тухайлбал, ЗГХЭГ-ын дэд дарга нар, ЭМЯ, ГХЯ, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бчигийн дарга нарт урилга илгээсэн ч ирээгүй аж.
Г.ЭНХ