НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Я.Батсуурь, П.Алтангэрэл нар санаачилсан. Одоогоос зургаан жилийн өмнө баталсан НӨАТ-ын тухай хуулиар 10 сая түүнээс дээш төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж, иргэн нь орлогынхоо 10 хувиар тооцон НӨАТ төлдөг. Түүнээс эдийн засаг тэлэхийн хэрээр төсвийн орлогын хэмжээ олон дахин нэмэгджээ. Татварын бүтцэд ч өөрчлөлтүүд орсон юм байна. Тухайн үеийн 10 сая төгрөгийн бодит үнэ цэнийг өнөөгийн 10 саяын үнэтэй харцуулахад чанарын ихээхэн ялгаа бий боллоо.
Хэдэн жилийн өмнө 10 сая төгрөгийн борлуулалт хийж байсан бизнес эрхлэгчид дунд, түүнээс дээш аж ахуйн нэгжид хамаарч байсан бол өнөөдрийн 10 сая төгрөгийн борлуулалт хийж байгаа бизнес эрхлэгчид жижиг хийгээд өрхийн аж ахуйн төвшинд хамаарах болсон гэнэ. Тийм учраас НӨАТ-ын 10 хувь тэдэнд багагүй дарамт учруулдаг байна. Татварын байгууллагын судалгаагаар 2011 оны хоёрдугаар улирлын байдлаар 0-10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой татвар төлөгч нийт НӨАТ төлөгчдийн 40 орчим хувийг эзэлж байгаа хэдий ч НӨАТ-ын орлогын дөнгөж 1.6 орчим хувийг л бүрдүүлсэн байна.
Энэ нөхцөл байдлыг үндэслэж НӨАТ төлөх борлуулалтын орлогын босго дүн 10 сая төгрөг байгааг 100 сая болгон өөрчлөх хуулийн төслийг Я.Батсуурь, П.Алтангэрэл нар санаачилжээ. Энэ тухайгаа төсөл санаачлагчид өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэв.
Э.ТӨР