Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатуудад төрөөс хоёр өрөө орон сууц өгөхөөр болсон. Зарим нь байрандаа ороод эхэлчихсэн байна. АИХ-ын депутат асан Ц.Элбэгдорж өөрөө тэр байрыг авахгүйгээр барахгүй өдгөө төрийн өндөр албан тушаал хашиж байгаа, тэр тусмаа УИХ-ын гишүүдийг энэ байрнаас сайн дураараа татгалзахыг тэрбээр уриалсан. Гэсэн ч депутат асан гишүүд Төрийн тэргүүний санаачилгад нэгдсэнгүй. Тэд нийг ичээсэн үйл явдал өчигдөр ордонд боллоо. Ц.Элбэгдорж өөрт ногдох хоёр өрөө байрныхаа түлхүүрийг ардчиллын дууч, “Хонх”-ын С.Цогтсайхан агсны гэргий Н.Наташад гардуулж өгсөн нь олон хүний талархлыг хүлээлээ. С.Цогтсайхан агсны охин Санта ЕТГ-ын дэмжлэгтэйгээр АНУ-ын Бриджфортын их сургуульд сурч байгаа. АИХ-ын депутат асан, ЕТГын дарга Д.Баттулга ч даргынхаа жишгийг дагажээ. Тэрбээр орон сууцныхаа эрхийг Дархан-Уул аймагт ардчилсан хувьсгалыг эхлүүлэгчдийн нэг, өндөр настан Ш.Гандаръяад өгсөн байна.
Э.ТӨР