
С.ЖАРГАЛ ИЗНН-ААС ДЭВШИНЭ
Хан хэнтийчүүдийг улс төрийн үзэл бодлынх нь хувьд улаан давамгайлсан, цэнхэр алаг сонголттой гэж болно. Аймгийн 18 сум, нэг тосгоны Засаг дарга болон захирагчаар МАН-ын 12, АН-ын долоон гишүүн сонгогджээ. Баянхутаг, Галшар, Дархан зэрэг зарим сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, Засаг даргын нь аль нэг МАН болон АН-аас сонгогдсон байгаа. Эдгээр сумын “парламентад” улс төрийн хоёр гол хүчин тэнцүү суудалтай учраас эрх мэдэл бүхий албан тушаалыг зөвшилцлөөр хувааж авсан байна. Тухайлбал, Дарханы Засаг дарга МАН-ынх бол ИТХ-ын дарга нь АН-ынх байх жишээтэй. Аймгийн ИТХ-д олонхийг бүрдүүлдэг МАНын гишүүдийн тоо АН-ынхаас зургаагаар илүү. Арваннайм нь МАН, 12 нь АН-ын гишүүн юм байна. АН-ын угшилтай нэг бие даагч байгаа нь Хэнтий аймгийн Засаг дарга асан С.Жаргал. Түүнийг 2008 оны УИХ-ын сонгуульд нам нь нэр дэвшүүлээгүй юм. Мань эр үүнд нь гомдож, сонгуулийн өмнөхөн намаасаа гарч бие даан нэр дэвшсэн юм билээ. Хэсэг хугацаанд нам бус явсан тэрбээр ИЗНН-д саяхан эл сээд буй. УДШ-д шинэ нэрээр ойрмогхон бүртгүүлсэн ИЗННын их хуралд сууж харагдсан. “Фээсбүүк”-тээ бичсэнээс нь үзвэл нэр дэвших нь тодорхой болжээ.
Д.АРВИН БАЯНЗҮРХИЙГ ОНИЛОВ
Сүүлийн хэдэн сонгуулиар хэнтийчүүд саналын хуудсан дээрх МАН-ын нэр дэвшигчдийн өмнөх дугаарыг завсаргүй дугуйлж ирсэн байдаг. Гэсэн ч цэв цэнхэр байсан үе бас бий. УИХ-ын 1996 оны сонгуулиар “Ардчилсан холбоо” эвслээс нэр дэвшсэн Да.Ганболд, Н.Түвшинтөгс, О.Энхтуяа нарт олонх нь саналаа өгч байв. Түүний өмнөх сонгуулиар МАХН-ын Дашийн.Бямбасүрэн, Н.Ганбямба нарыг МҮДН-ын Да.Ганболдын хамтаар сонгосон. Д.Бямбасүрэн гуай удалгүй намаасаа гарч, Мон голын сэргэн мандалын намыг байгуулсан юм. УИХ-ын гишүүнээсээ ч түдгэлзэж оронд нь МАХН-ын Ч.Ган-Өлзий авсан саналынхаа дарааллаар УИХын гишүүн болж байжээ. Дараагийн сонгуулиар нь намаа АН-д нэгтгэсэн юм, Д.Бямбасүрэн гуай. 2000 оны УИХ-ын сонгуулиас хойш МАН-ын Н.Ганбямба, Д.Арвин, У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ нарыг тасралтгүй сонгожээ. Эднээс хамгийн олон сонгогдсон нь Н.Ганбямба. Тэрбээр УБХ-ын гишүүнээс эхлээд 1992, 2000, 2008 онд сонгогдсон бол Д.Арвин гурав, У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ нар тус бүр хоёр удаа сонгогджээ. Сонгуулийн шинэ хуулиар гурван мандатын тоо нэгээр цөө- рөөд буй. МАН-аас Б.Бат-Эрдэнэ, Н.Ганбямба хоёр нэр дэвших нь тодорхой болсон гэдгийг намын удирдлагад ойр болоод орон нутгийн эх сурвалжууд санал нэгтэй хэлж байна. Д.Арвин Баянзүрх дүүргийг “онилоод” байгаа нь үнэн бололтой. Түүнээсээ болж тус дүүргийн Засаг дарга Б.Батзоригтой нэлээд гүнзгий зөрчилтэй болсон гэх сураг бий. Д.Арвингийн уулзалтад хүмүүс битгий оролцуул гэдэг үүргийг хороодын Засаг дарга нартаа Б.Батзориг өгсөн гэх яриа байдаг юм билээ.
АН ГОРИЛОГЧ ОЛОНТОЙ
Хэнтийд нэр дэвшихийн тулд АН-ын горилогсод дотооддоо “алалцаж” эхэлсэн сурагтай. Нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд нутагтаа нэр дэвшинэ гэдгээ аймгийнхаа шинэ жилийн цэнгүүнд оролцохдоо хэлсэн гэнэ. Өмнө нь нэг удаа өвдөг шороодож байсан зам, барилгын “Монроуд” ХХК-ийн захирал Н.Гарамгайбаатар бас өрсөлдөнө гэдгээ нуухгүй яваа гэсэн. Японд олон жил сурч, ажилласан, АН-ын ҮЗХ-ны гишүүн, “Хутагт” группийн ерөнхийлөгч М.Хүдэрбаатар гэх залуугийн нэр мөн дуулдана билээ. Биндэр сумын уугуул, Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Баатархүү ч ах нарын хамт сунгаанд оролцоно гэдгээ хэлээд байгаа. Түүнийг “Лектор” төвийн тэргүүн, Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байх үед хэсэг хугацаанд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байснаар нь зарим хүн мэдэх байх. Эх сурвалжийн хэлж буйгаар М.Хүдэрбаатар нэр дэвшихийн тулд нэлээд хөрөнгө зарж, лообий хийж байгаа юм байх. Нам нь дэвшүүлэхгүй бол бие дааж өрсөлдөх болно гэсэн мессежийг тарааж байгаа гэх яриа ч дуулдсан. АН-ын дотоодын өрсөлдөөнд “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван орж ирэхийг зарим хүн үгүйсгээгүй. Хэрвээ М.Хүдэрбаатар бие дааж, С.Жаргал ИЗНН-аас өрсөлдөх аваас АН-ын нэр дэвшигчид ялагдал хүлээж болзошгүйг сануулъя. Хэнтий нутгийн сонгууль угтсан улс төр урьдчилсан байдлаар иймэрхүү харагдаж байна. Дашрамд дурдахад, Хэнтий аймагт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр өгөхийг 2011 оноос эхлэн бүр мөсөн хоригложээ.