Эмэгтэй тамирчдаа олимпод оролцуулж үзээгүй гуравхан улс бий. Тэр нь Саудын Араб, Катар, Бруней юм. Эмэгтэй чүүдийг ялгаварлан гадуурхаж буй энэ асуудал мэдээж шашинтай нь холбоотой. Тэгвэл Лондоны олимпод тэрхүү шударга бус байдал арилж магадгүй байна. Хүний эрхийг хамгаалагч байгууллагууд болон ОУОХ-ны шахалт, шаардлагын улмаас эсэргүү гурав байр сууринаасаа буцах төлөв ажиглагдах боллоо. Катар улс 2022 оны олимпийг зохион байгуулахаар санаархаж буй.
Харин эмэгтэйчүүдээ ялгаварлан гадуурхдаг гэсэн таагүй имиж нь тэдний саналыг доош татах магадлалтыг катарчууд ойлгожээ. Тиймээс өнгөрсөн сард ОУОХ-той зөвшилцсөний дагуу хоёр тамирчнаа (усанд сэлэгч, гүйгч) цагаан хуудсаар олимпод оролцуулахаар болсон юм. Тэгвэл саяхан Саудын Арабын төлөөлөгчид ОУОХ-ны гишүүдтэй уулзалт хийжээ. ОУОХ-ны төлөөлөгч уулзалтыг “бүтээлч боллоо” хэмээн дүгнэсэн юм.
“Саудын Араб эмэгтэй тамирчдаа олимпод оролцуулна гэдэгт итгэлтэй байна. Бидний уулзалт найрсаг, дулаан уур амьсгалд болсон” хэмээн ОУОХ-ны төлөөлөгч өгүүлжээ. Хэрвээ асуудал нааштай шийдэгдвэл Саудын Арабыг төлөөлж 3-4 тамирчин Лондонд өрсөлдөх бололтой. Түүнчлэн Бруней улс ч гэсэн эмэгтэй тамирчнаа явуулах тал дээр нааштай хандаж байгаа сурагтай. Хэрвээ эдгээр гурван улс эмэгтэйчүүдээ илгээвэл Лондоны олимп нэгэн үзүүлэлтээр түүхэнд бичигдэн үлдэх нь.
Г.БАЯРСАЙХАН