Шударга сонгуулийн төлөө түр хорооноос 2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр үүссэн булхай, луйварт одоо ажиллаж байгаа ерөнхий хороог буруутган өөрсдийн хүсэлтээрээ огцрох шаардлага хүргүүлсэн. Харин энэ хүсэлтийг нь хүлээж аваагүй учир “Шударга сонгуулийн төлөө түр хороо”-ноос хэвлэлийн хурал зарласан юм. Хурлын үеэр түр хорооны ерөнхий зохицуулагч Л.Баярхүүтэй цөөн хором ярилцлаа.
-СЕХ-г огцруулах шаардлагаа хэзээ хүргүүлсэн бэ?
-Энэ сарын 13-нд бид хэд хэдэн бодит үндэслэл бүхий шаардлага хүргүүлсэн.
-Та бүгдийн шаардлагыг хүлээж авсангүй.
- Тийм. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр болсон иргэний үнэмлэхтэй холбоотой будлианы асуудалд хоёр гишүүнээ буруутгаад, Баярсайхан, Баттулга хоёрыг халсан. Халсан ч гэж дээ, дараагийн шагналын албан тушаал руугаа шилжсэн. Харин үлдсэн долоон хүн тэр асуудалтай холбоотой хуралд оролцоогүй болохоор ямар ч хамааралгүй гээд сууж байгаа юм. СЕХ гэж ажиллаж байж тийм чухал шийд гаргах хуралдаа суугаагүй тэр хүмүүс юу хийж байсан бэ гэдэг асуултыг хүн бүр тавих нь лавтай.
- Дараагийн шатны тэмцэл хийнэ гэж ярьсан. Энэ талаараа тодруулаач?
- Тэмцлийн янз бүрийн арга байна. Бид ямар ч байсан эдгээр хүмүүсээр дахин сонгуулийг луйвардуулахгүйн тулд бололцоотой бүхнээ хийнэ. Эдгээр хүмүүс төрийн эрх барих эрхийн төлөөх сонгуулийг будлиантуулсныхаа төлөө эрүүгийн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Прокурорт өгнө, бүх баримт, үндэслэл нь бидэнд бий.
Б.МАНДУХАЙ