УИХ-ын сонгууль тун дөхчихөөд, мажоритар 48 мандатын тоо гоор нэрсийн жагсаалт үйлддэг дээрээ ирснийг хэлэх үү, намуудад хөдөлгөөн ид өрнөж байгаа билээ. Харин ДарханУул аймагт дэвшихээр горилогсдын өрсөлдөөн баримжаатай байх шиг. Дарханы 50 шахам мянган сон гогч шинэ Парламентад хоёр түшээ илгээх учиртай. Нам тус бүрт горилогсдын тоо хоёроос хэт рэхгүй байгаа, тиймээс мандатын төлөөх дотоодын чанартай “зодоон” нь ч гавихгүй дуулдана. Улаанбаатараас 220 километрт оршдог, Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төвд тооцогдох Дархан-Уул аймаг 327,5 мянган га газар нутагтай. Нийт газар нутгийн 70,7 хувь буюу 231,7 мянган га талбайг хөдөө аж ахуйн эдэлбэр газар эзэлдэг. Газар нутгийн хэмжээгээр бага боловч алт, шохойн чулуу, нүүрс болон барилгын материалын төрөл бүрийн түүхий эд зэрэг байгалийн баялгийн нөөц ихтэй. Улаанбаатар-Алтанбулагийн чиглэлийн олон улсын авто зам болон Улаанбаатар-Сүхбаатарын олон улсын төмөр замын зангилаан дээр оршдог гээд бусад аймагтай харьцуулбал хөгжиж дэвжих суурь нөхцлөөр давуу. Дарханчууд 2000 онд МАХН-ын гурвыг, 2004 онд “Эх орон-Ардчилал” эвслийн гурвыг гэхчлэн улс төрийн хүчнийг ээлжлэн дагнасан бол, 2008 онд ялимгүй “холимог” байдлаар сонголт хийж, АН-ын нэр дэвшигч Л.Гансүх, МАХН-ын Д.Хаянхярваа, Ж.Сүхбаатар нарыг сонгосон. Эл гурван гишүүн ирэх сонгуульд дахин өрсөлдөх нь тодорхой байгаа аж. Энэ удаа мандатын тоо нэгээр цөөрсөн бөгөөд улс төрийн бусад хүчин ч Дархан-Уулын тойргийг хэдийнэ онилжээ.
МАН-ЫН ХОЁР “УЛИРНА”
Ардын нам Дархан-Уулаас УИХ-д сонгогдсон Д.Хаянхярваа, Ж.Сүхбаатар нарт нэр дэвших мандатыг нь зэхжээ. Хамтарсан Засгийн газар задармагц хийгдсэн томилгоонуудаас Д.Хаянхярваа, Ж.Сүхбаатар хоёр хоёул хүртэж, намдаа овоо тоогддогоо нотлон харуулав. Гэхдээ Д.Хаянхярвааг Сангийн сайдад дэвшүүлсэн нь цочир явдал болсон билээ. Засаг дарга байсан хүний хувьд аймагтаа л танигдсанаас бус, олон нийт түүнтэй одооноос л “ойртож” буй. Д.Хаянхярвааг Сангийн сайдаар томилох үйл явц багагүй бэрхшээлтэй тулсан нь мөнөөх Хонгор сумтай холбоотой. Цианит натрийн дуулиан ид дэгдэж байх үед Д.Хаянхярваа аймгийн Засаг даргаар ажиллаж байсныг хэлэх үү, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн түүнд “зориулсан” сенсаац олны анхаарлыг чимээгүй гишүүн рүү татаж орхисон. Д.Хаянхярваа өдгөө Монгол Улсын түүхэнд байгаагүй их хэмжээгээр батлагдсан төсөв бүхий Засгийн газарт Сангийн сайдын албыг хашиж буй одтой сайд. УИХын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатарын хувьд анхны Парламентдаа ажиллаж байгаа залуу гишүүн боловч өмнө нь СЕХ-нд ажилласан зэрэг туршлага нь “юм үзсэн” хууль тогтоогчдын дэргэд жулдаад байхааргүй төлөвшүүлжээ.
АН-ЫН ХОЁР ЭНЭ УДАА ГАР НИЙЛЭХ БОЛОВ УУ
Ардчилсан нам ирэх сонгуульд мөн л 2008 онд нэр дэвшсэн эрхмүүдийн хоёрыг дахин дэвшүүлэх сурагтай. УИХ-ын гишүүн Л.Гансүх, “Бурхан Халдун” группийн ерөнхийлөгч Н.Мөнхдаш нар нам дотроо өрсөлдөгчгүй шахам яригдах юм. Гэхдээ тэд дөрвөн жилийн өмнөх сонгуулийн марафонд гар нийлж чадаагүй бөгөөд Дархан-Уул аймгийн АН-ын хорооны эв түнжингүй байдал ч энэ хоёр хүнтэй холбоотой аж. УИХын 2008 оны сонгуульд АН-аас нэр дэвшсэн Н.Мөнхдаш санал хураах өдрийн өмнөхөн эрүүгийн хэрэгт холбогдсон явдлыг МАХН-ынхантай хамтран Л.Гансүх зохион байгуулсан гэх цуу тухайн үед дэгдэж байлаа. Энэ удаад намын хорооны дотоод уур амьсгал 2008 оныхоос дутахааргүй ужид зөрчилтэй байгаа нь анхаарал татаж байна. Хамтарсан Засгийн газарт Байгаль орчны сайд байсан нь Л.Гансүхийн хувьд яах аргагүй хийсэн ажил нь ч, хэлэх үг нь ч болох биз. Харин өрсөлдөгчид нь түүгээр оролдох гээд Оюутолгойн гэрээг муутгах шалтаг болгож мэд нэ. Н.Мөнхдашийн хувьд Дархан-Уулд томоохон худалдааны төв нээсэн, олон ажлын байр бий болгосон гээд гавьяа бий боловч дөрвөн жилийн өмнөх балаг нь түүнийг тойроод өнгөрөх эсэх эргэлзээтэй.
ИЗ-НН ӨӨР ЮМ ДУУЛГАЖ МЭДНЭ
Эднийхээр сонин ихтэй. ДарханУулын тойрогт амжилт үзүүлж байгаагүй ИЗ-НН ирэх сонгуульд арай өөр юм дуулгаж мэднэ. МҮЭХны ерөнхийлөгч С.Ганбаатар ИЗНН- ын “дэмжигч” статустайгаар УИХ-ын сонгуульд Дархан-Уулд өрсөлдөхөөр тохирсон гэнэ. С.Ганбаатар “Эрс шинэчлэл” иргэний хөдөлгөөний удирдагч байх үеэсээ эхлэн үйлдвэрчний байгууллагын лидер болтлоо Монголын улс төр, нийгмийн амьдралд Парламентын гаднах хамгийн идэвхтэй “тоглогч” болж чаджээ. Тэрбээр рейтингээрээ энэ тойрогт нэлээд дээгүүрт давхиж байгаа аж. “Заргач” удамтай, зад шүүмжлэгч С.Ганбаатар цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн асуудлаар Засгийн газартай хэлэлцэн “баатар” болоод буй. Түүнийг дарханчууд тоох байх. ИЗ-НН Дархан-Уулд С.Ганбаатарын хамт Ногоон бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Энхзаяагаа илгээх юм байна. Ч.Энхзаяа УИХ-ын 2008 оны сонгуульд нийслэлийн Баянгол дүүрэгт НН-ын дарга Д.Энхбаттай хамт нэр дэвшиж байсан билээ.