Ардын урлагийг орчин үеийн хөгжимтэй хослуулж, полк рок стилиэр тоглодог “Алтан ураг” хамтлагийн уран бүтээлчид олон улсын хөгжмийн наадамд оролцохоор бэлтгэж байна. Хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаттай өчигдөр 17.00 цагт холбогдож энэ талаар тодрууллаа.
-Танай хамтлагийг олон улсын хөгжмийн наадамд оролцоно гэж сонслоо?
-Малайзад болох олон улсын хөгжмийн наадамд оролцоно. Уг наадам энэ сарын 28-наас ирэх сарын 1 хүртэл болох юм билээ.
-Ямар онцлогтой наадам бэ?
-Жуулчдыг татах зорилгоор улс орон бүр янз янзын арга хэмжээ зохион байгуулдаг шүү дээ. Дэлхийн өнцөг булан бүрээс аль сонирхолтой, шинэлэг, содон гэснийг нь цуглуулахыг зорьдог энэ наадам жил бүр болдог гэсэн.
-Зохион байгуулагчидтай нь яаж холбогдсон юм бэ?
-Өнгөрсөн жил БНСУ-д болсон хөгж мийн наадмын үеэр бидний тоглохыг үзсэн юм билээ. Тэгээд наадмынхаа тухай танилцуулж, урьсан.
-Наадамд хэдэн орны хөгжимчид оролцох бол?
-19 орон оролцоно. Бид нэг цагийн тоглолт хийнэ.
-Танай хамтлагаар өөр сонин сайхан юу байна вэ?
-Долоодугаар сард тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа. Гадаадын орнуудад хэд хэдэн тоглолт хийх талаар ярьж байгаа.
-“Дүүжин даажин”, “Great Mongolia”, “Хэрлэнгийн баръяа” зэрэг есөн уран бүтээлийг тань www.myspace.com сайтад байрлуулсан байсан. Энэ сайтад бүтээлээ тавихад ямар нэг шалгуур байдаг уу?
-Хөгжим сонирхогчид www.myspace.com сайтад хамгийн их ханддаг болохоор бүтээлээ тавьсан. Ямар нэг шаардлага тавьдаггүй юм билээ. Харин манай хамтлаг Дэлхийн оюуны өмчийн байгууллага BMI-д гишүүнээр элссэн болохоор бүтээлүүд маань тэнд бүртгэлтэй байдаг юм.
Х.УЯНГА