УИХ-ын сонгуульд өрсөлдөх намуудыг бүртгэж, нэр дэвшигчид тодрох нь сар гаруйхны дараа. Тэр үед Улаанбаатарын гудамж нэр дэвшигчдийн сурталчилгаагаар нэг хэсэгтээ “амьсгалдаг” билээ. Гудамжинд самбар түрээслэдэг байгууллагууд хэдийнэ захиалгаа авч, нэмэлт самбар байрлуулж, тэнд залрах “эзнийг” ч хайж эхэлсэн байна. Сурталчилгаа албан ёсоор эхлээгүй ч зарим гудамжны самбар түрүүчээсээ эзэнтэй болжээ. Энхтайвны өргөн чөлөө бол монгол хүн бүрийн мэддэг ганц гудамж. Эл гудамжинд байрлуулсан жижиг самбарт саяхнаас МҮАНын дэд дарга Б.Цогтгэрэлийн “Төртэй ч болоосой” номын сур талчилгааг байрлуулжээ. Сонгуулийн хууль нь ойлгомжгүй, түүнийг баталсан гишүүд нь төөрөлдчихсөн, СЕХ нь ч тайлбарлаж мэдэхгүй байгаа ийм үед хэн нэгэн улстөрч, сонгуульд нэр дэвших магадлалтай хүн ном бичсэнээ гудамжаар, хэвлэлээр сурталчилбал яах вэ гэдэгт хариу өгөх хүн алга. Энэ хүн нэр дэвших, эсэх нь одоогоор тодорхойгүй учраас “Чи өөрийгөө сурталчиллаа” гэх хэцүү. Сонгуулийн хуулийн ойлгомжгүй 30 гаруй заалтаар СЕХ тайлбар хүссэн ч Дээд шүүх “Хэрэглээгүй байгаа хуулийг тайлбарлахгүй” гээд гүрийчихсэн. Тэгэхээр сурталчилгаа мөн, биш гэдгийг нь тогтоочих “мэргэн” хүн Монголд байхгүй байгаа хойно тэр хуулийг “ойлгоод”, ашиглаад байгаа хүмүүст “Чадаж байгаа юманд арга алга” гэхээс өөр юу гэх билээ.