Эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ долоо хоногт “урт нэртэй” хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад ээлжит асуулгаа хүргүүлэв. Батлаад хоёр жил өнгөрч буй ч олигтой хэрэгжихгүй байгаа уг хуулийн талаар тэрбээр уг нь хэдхэн хоногийн өмнө арай өөдрөг сэтгэгдэлтэй байлаа л даа. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо намрын чуулганаар хийсэн ажлаа танилцуулах үед тэрбээр “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд уул уурхайн компаниуд, тэднийг хамгаалагчдын эсэргүүцэл их байгаа. Гэвч иргэний хөдөлгөөнүүдтэй хамтарч тэмцсэний хүчинд тэд аргагүйдэхэд хүрсэн. Улмаар Засгийн газар алтны 242 шороон ордыг хаасан” хэмээн ярьсан юм. Гэвч Засгийн газар хуулийг бага боловч хэрэгжүүлсэн болж түүний амыг хаасныг мэдрэв бололтой, “Энэ хуулийг хурдхан хэрэгжүүлэхгүй бол сонгууль дөхөж анхаарал сулрах үеийг уул уурхайн компаниуд ашиглах гээд байна” хэмээн сэрэмжлэв.