Японы зүүн хойд бүсэд өнгөрсөн оны гуравдугаар сард газар хөдөлж, цунами болсноос хойш нэг жил өнгөрлөө. Тухайн үед манай улс Японы ард түмэнд тусламжийн гараа харамгуй сунгасан. Энэ үйл явдалд чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлж, “Улаанбаатар” зочид буудалд өнгөрөгч баасан гаригт Японы Элчин сайдын яамныхан хүлээн авалт зохион байгуулав. Уг арга хэмжээнд Япон улсаас манай оронд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр болон албаны хүмүүс хүрэлцэн ирсэн юм. Мөн тусламж үзүүлсэн хүмүүсийн төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулийн сурагч нар уг арга хэмжээнд оролцов. Хүлээн авалтын үеэр “Морин хуурын чуулга”-ынхан Японы шилмэл ардын дуунуудыг эгшиглүүллээ. Мөн танхимд япон хүүхдүүдийн “Анд нөхдийн барилдлага” хэмээх зургийн үзэсгэлэн гарсан байлаа. Фүкишима мужийн Үсүиши бага сургуулийн тавдугаар ангийн сурагч Сато Такумагийн “Сэргээн босголт” хэмээх зургийн доод талд “Та бүхний тусламж дэмжлэгтэйгээр Япон улс өмнөх төрхөндөө буцан орж байна. Баярлалаа” гэж бичсэн байв. Элчин сайд Такэнори Шимизү “Зовох цагт нөхрийн чанар танигдана гэсэн үг тэр хүнд үед биеллээ олсон. Бидэнд монголчууд эд материалын тусламж үзүүлсэн ч хамгийн гол нь сэтгэлийн дэмжлэгт нь талархсан сэтгэлээ хүн бүрт дамжуулъя” хэмээсэн.
Т.САЙНБУЯН