УИХ-ын гишүүн Х.Баттулга өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр сүүлийн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой хэвлэлээр “байлдаж” буй билээ. Сайд асны хийсэн нууц гээд буй гэрээг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар харснаа хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Энэ бүхэнд тэр хариу няцаалт өгөхийг хүсчээ. Ингээд БНСУ-ын компанитай “нууцаар” гэрээ байгуулахад хүрснээ Засгийн газар, УИХ-ын тогтоол, хуралдааны тэмдэглэлээр баримтжуулан ярив. “Үлгэр” ингэж эхэлжээ. 2009 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар түүнд уул уурхай, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой талуудтай гэрээ хэлэлцээ хийж, дүнг Засгийн газарт танилцуулах үүрэг өгсөн байна. Үүний дагуу тэрбээр уулзалт хийж, тухай бүртээ явцыг нь Засгийн газрын хуралдаанд танилцуулсан тухай тэмдэглэлүүдийг ч уншиж өгөв.
Ингээд 2011 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2011 оны хоёрдугаар сарын 23-26-нд Х.Баттулгыг БНСУ-д ажлын айлчлал хийх шийдвэр гаргасан байна. Мөн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн БНСУ-д хийсэн ажлын айлчлалын үр дүнгийн дагуу хийх ажлын төлөвлөгөөг Г.Занданшатар, Ц.Шаравдорж нар баталжээ. Үүгээрээ Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгад 2010 оноос эхлээд БНСУ-тай төмөр замын талаар хамтын ажиллагааг бүх хэлбэрээр дэмжиж ажилла гэсэн үүрэг чиглэл өгөв. “Монголын төмөр зам” компани өөрийн гэх хөрөнгөгүй байсан учир 51 хувийг нь төр авч, 49 хувь дээр гадаад, дотоодын компаниудаас хөрөнгө босгох шийдвэр гарчихсан байсан үе. Ингээд л 49 хувь дээр “алалцах” гаднынхны нэг нь БНСУ болов.
Гэрээ хэлэлцээ, уулзалт хийх Ажлын хэсгийг салбарын дэд сайд А.Гансүх ахалж, бүрэлдэхүүнд нь Ерөнхий сайдын зөвлөх С.Энхбаяр ч багтсан байна. Зөвлөх нь багтсан асуудлыг Ерөнхий сайд мэдээгүй байж таарахгүй гэдгийг Х.Баттулга онцлов. БНСУ-ын консерциум төмөр зам барих ажилд оролцох сонирхлоо илэрхийлсэн захиа явуулж, Ерөнхий сайдтай уулзан сонирхлоо илэрхийлсэн байна. Үүний дагуу Ажлын хэсгийнхэн ажиллаж, ингээд тус консерциумтай хамтарч ажиллах гэрээтэй салбарын сайдын хувьд танилцсанаа баталгаажуулж, гарын үсэг зурсан гэнэ. Энэ нь нууцын зэрэглэлтэй гэрээ, бас “танилцсан” гэж гарын үсэг зурснаа ярив.
БНСУ-ын компани эцсийн хариугаа аваагүй байхад дээрх маргаан үүсчээ. Тиймээс тэд энэ сарын 17-нд шинэ сайд Ц.Дашдоржид Монголын төмөр замын ажилд оролцох сонирхлоо илэрхийлсэн ээлжит захиагаа явуулсан юм байна. Ийм л юм болжээ. “Бүх зүйл шат шатны дагуу, хуулийн хүрээнд болсон” гэлээ. Мөн Тавантолгойн ордын тухайд Ухаа худаг хэмээх нийт нөөцийн дөрвөн хувийг эзэлж буй гэх уурхай 20 гэр бүлийн мэдэлд очсон тухай ярилаа. Ухаа худагийг “Энержи ресурс” 833 мянган доллараар авсан. Газар, хайгуулын төлбөрт уг уурхайг өгсөн. Гэтэл стратегийн ордыг өрөнд өгөх хууль байхгүй. Ухаа худаг дөрвөн хувийг авсан гэдэг.
Энэ нь дөрвөн тэрбум доллартай тэнцэнэ. Тэгвэл 96 хувь нь 96 тэрбум төгрөг байна шүү дээ. Монголд 96 хувийг өгсөн, Дойче гэх мэт банк “Танай Тавантолгой 51-20 тэрбум доллар” гэж үнэлсэн. Гэтэл Ухаа худаг чинь дөрвөн тэрбум доллар гээд байхад бүтэн ордыг нь 20 тэрбум гээд байна. Тэр сайд нар чинь MCS-ийн орон сууцанд орчихсон. Би шалгах ёсгүй учир АТГ-т өгсөн юм” гэлээ. Зураг төслийг хийх компанийг тендер зарлалгүйгээр сонгож, “Маккензи” гэдэг компанийг сонгосон, хөлснөөс нь 2.5 сая төгрөг Х.Баттулга авсан хэмээх мэдээллийн тухайд ч тайлбар хийлээ. “Энэ бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн компани. Тэдний хийсэн ТЭЗҮ-г дэлхийн аль ч банк хүлээн зөвшөөрдөг. Энэ компанийг сонгох болсноо УИХ дахь АНын бүлэг, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуягт ч, Ерөнхий сайд С.Батболдод ч тусад нь танилцуулж байсан.
ҮАБЗ-д ч танилцуулсан, дэмжсэн. Төмөр зам барихад шаардагдах 3.6 тэрбум долларыг Монгол Улс “босгох” ёстой. Үүний 4-5 хувиар нь ТЭЗҮ хийлгэдэг ч харин ч бага үнээр дээрх компанийг хөлсөлсөн” гэв. Төмөр замыг барих бүрэн боломж байсан ч улайм цайм гацаасан хэмээн тэрбээр сануулсан юм. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр ч иймэрхүү замаар гацсан юм байна. Энэ бүхнийг гацаасны шалтгаан нь хэсэг хүний ашиг сонирхолд асуудал нийцээгүйгээс л болсон юм байна. Мөн томилгоотой холбоотой яриаг ч няцаасан. ТӨХ санал болгож, Засгийн газар шийддэг атал Х.Баттулга хэмээх нэг сайд дангаар зохицуулдаг мэтээр ярих боломжгүй гэсэн юм. Эцэст нь тэрбээр хүн гүтгэсэн бол хариуцлагыг нь үүрэхэд бэлэн гэдгээ дахин мэдэгдэв.
С.УУЛ