Дэлхий дахинд хөгжиж байгаа спортуудаас хамгийн аюултай нь аль төрөл вэ? Мэргэжилтнүүд олимпийн хөтөлбөрт саяхан багтсан фристайлын суперпайпыг онцолж байгаа нь 2012 онд амь эрсдсэн хоёр тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой. Тухайлбал, дэлхийн аварга Сара Бурк хэмээх канад эмэгтэй бэлтгэлийн үеэр унаж, тархиндаа хүнд бэртэл авсны улмаас нас барсан бол Швейцарьт болсон фристайлын Дэлхийн цомын үеэр Сарагийн нутаг нэгт Ник Зоричич буулт хийхдээ алдаа гарган толгойгоороо газардаж, хорвоог орхисон эмгэнэлт хэрэг гарсан юм. Ийм эрсдэлтэй төрлийг олимпийн хөтөлбөрт багтаасан нь нүдээ олоогүй шийдвэр хэмээн буруутгах нэгэн ч байна. Гэхдээ өвлийн спортуудаас фристайлаас гадна уулын цана, сноуборд аюултай арван төрлийн жагсаалтад багтдаг аж.
Авто спорт ба боксоос ч илүү аюултай төрөл бол хоккей. Ямар ч тоглолтоос жижиг бэртэлтэй салснаа аз хэмээн тооцдог тоглогчдын бүтэн шүдийг тоолоход бэрхээс гадна толгой тархины гэмтэл их авдаг. Хоккейгоос дутахааргүй эрсдэлтэй спорт регби. Нэг тоглолтод дөрөв хүртэлх тамирчин бэртдэг гэсэн судалгаа гарчээ. Эдгээрийн араас гольф орно. Жил бүр гольфын талбайд хүн нас бардаг гэсэн судалгаа үүнийг бэлхнээ батална. Нэгдүгээрт бөмбөгний хүчтэй цохилт тамирчны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.
Хоёрдугаарт гольфын бөмбөгний нисэлт, буултыг хянаж болдоггүй учраас энгийн хүмүүс дугуй “сум”-нд өртөх тохиолдол элбэг. Хөнгөн атлетикийн төрлүүдээс хамгийн эрсдэлтэй нь жад шидэлт. Анхаарал сэрэмжгүй байдлаас үүдэн, 2007 оны “Алтан лиг”-ийн үеэр Финландын тамирчин Теро Питкамяки Францын Салим Сидриг “харваж” гэмтээсэн түүхтэй. Аз болоход жад амин тус газрыг нь оноогүй байсан юм. Тавцангаас үсрэлт, усанд сэлэлт, шүхэр ч мөн эрсдэлтэй төрөлд багтдаг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд 173 шүхэрчин буулт хийх үедээ амь эрсдсэн гэсэн судалгаа гарсан байна.
Б.ӨГДЭЙ