УИХ-ын хаврын чуулган ирэх сарын эхээр буюу найм хоногийн дараа эхэлнэ. Энэ Парламентын бүрэн эрхийн сүүлчийн чуулганаар амжуулах хариуцлагатай олон ажил хүлээж буй. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдаад хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталжээ. Үүгээр 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Сүүлийн тэмээний ачаа хүнд хэмээн монголчууд ярьдаг. Гэхдээ энэ удаагийн чуулганаар үүрэх хариуцлага их байхын хэрээр гишүүдийн анхаарал сулрах магадлал хамгийн өндөр байх болно. Сонгуулийн санал хураах өдрөөс 45 хоногийн өмнө товыг зарлахаар шинэчлэн найруулсан хуульд тусгасан.
Сонгууль зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гаригт болох учиртай. Үүгээр тооцвол зургаадугаар сарын 27- ны өдөр таарч байгаа юм. Үүнээс 45 хоногийн өмнө гэхээр УИХ сонгуулийн товыг тавдугаар сарын 10 гэхэд зарласан байх учиртай. Сонгуулийн тов тодормогц л ажил ундарна даа. Сонгуульд оролцох нам эвслийг бүртгэх, нэр дэвшигчээ тодруулах, улмаар сурталчилгаагаа хийх гээд улстөрчид завгүй болно. Дараагийн УИХ-д сонгогдох “нүхээ малтах” гээд тэд энэ ажилдаа хамаг “сэтгэл зүрх”, мэдлэг чавдвараа дайчлах нь тодорхой. Одоогийн УИХ-ын 76 гишүүнээс 40 орчим нь ирэх сонгуульд хүч үзэх боломж той байгаа. Тэгэхээр цаана нь ажил хийх хүсэл сонирхолтой хүн үлдэхгүй нь.
Сонгуульд нэр дэвших хүмүүсийн сэтгэл догдолж, суудал дээрээ өндөлзөөд хэцүүднэ. Угаасаа нэр дэвших шаансгүй үлдэгсдийнх нь идэвх ч сулраад явчихна. Юун төрийн ажил л гээд суух биз. Тэгэхээр анхаарал тавин ажиллах ажлын 22 хоног л хаврын чуулганы мэдэлд үлдэж байгаа юм. Уг нь хаврын чуулган ердийн үед наадам бараг хүргэж завсарладаг. Гэхдээ сонгуультай жилд тэгж “хэнхэглэж” байх тэнэг олдохгүй нь тодорхой. Хаврын чуулган тавдугаар сарын 20-доор завсарлана хэмээн зарим гишүүн ярьж яваа сурагтай. Ийм богино хугацаанд төлөвлөсөн асуудлуудыг бүгдийг шийдэж амжих уу гэдэг нь эргэлзээтэй.
Хаврын чуулган эхэлмэгц яаралтай шийдэх асуудлын нэг нь Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр ч төсөл. УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хамт, эсвэл тусдаа хийх маргаан хэдэн сарын турш үргэлжилж буй. Тиймээс уг төслийг тийм ч амархан шийдчихгүй, өнөөх 22 хоногоос овоохон цагийг энэ асуудал “хумсална”. АН-ын бүлгийнхэн УИХ энэ асуудлыг шийдэж чадна гэдэгт итгэл алдарсан. Тиймээс одоо хүчин төгөлдөр байгаа хуулийнх нь хүрээнд хоёр сонгуулийг зэрэг зохион байгуулах ёстой гэж үзсэн. Гэхдээ хоёр хуулийн хооронд буй зөрчилтэй заалтуудыг цэгцлэх нь зайлшгүй. Тиймээс тэд Засгийн газраас төсөл боловсруулан өргөн бариг гэж байгаа юм. Харин МАН үүнийг нь таашаахгүй байна. Ингээд л өнөөх зөрчил, зөвшилцөл үргэлжилнэ. Ажлын 22 хоногоос хорогдоод л.
Сонгуулийн сурталчилгаа, хор найруулга тийш хамаг анхаарал төвлөрнө. Тиймээс хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаас хэд нь дараагийн УИХ-д шилжих бол. Сонгуулийн “синдром” бүрэн хөдлөөгүй, эрүүл ухаантай байгаа 22 хоногтоо л хичээл, зүтгэлтэйхэн ажиллаг гэж гишүүдэд захихаас даа. Дөрвөн жил өнгөрсний дараах энэ 22 хоног монголчуудад нэн үнэтэй цаг хугацаа юмсан.
С.ТУУЛ