Байгалийн баялгаас иргэн бүрт хүртээхээр амласан 1.5 сая төгрөгөөс нэг сая нь үлдээд байгаа билээ. 500 мянган
төгрөгийг нь иргэд сар бүр хуваан бэлнээр аваад дуусаж буй юм. Үлдсэн сая төгрөгийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түрүүлж олгохоор шийдсэн. Үүний санхүүгийн эх үүсвэр болох 343 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт суулгасан. Сая төгрөг, хувьцаа гэсэн хувилбараас иргэд сонголтоо хийж, ирэх сарын 1-нээс авна гэсэн ойлголттой байгаа. Энэ асуудлаар Сангийн сайд Д.Хаянхярваагаас тодрууллаа.
- Хувьцаа, эсвэл нэг сая төгрөг олгох нөхцөлийг бид хангаж байна. Холбогдох хууль эрх зүйн орчноо цэгцлэх хэрэгтэй байгаа. Тиймээс энэ сая төгрөгийг ирэх сарын 1-нээс шууд олгох боломжгүй. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн эх үүсвэр төсөвт суусан. Гэвч орлого нь оны хоёрдугаар хагаст орж ирэхээр байгаа. Тиймээс уг мөнгийг ондоо багтаад иргэдэд олгоно.
-Энэ мөнгийг хоёр хувааж олгоно гэсэн мэдээлэл иргэдийн дунд байна. Үнэн юм уу?
-Хоёр, гурав, эсвэл дөрөв хувааж олгох уу гэсэн тооцоо хийж байгаа. Ямар ч байсан сая төгрөгийг бүтнээр нь өгөх боломжгүй байна.
-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд сая төгрөгөө түүн рүү шил жүүлж болох уу?
-Тооцоо судалгаа хийж байна. Ер нь тийм боломж бий.
-Манай улс болон БНХАУ-ын Хөгжлийн банк хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна лээ. Энэ хүрээнд хэдий хэмжээний хөрөнгө “босгох” боломжтой вэ?
-Гэрээний хүрээнд санхүүгийн зээл, дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлтийг манай талаас тавьсан. Тэд 400 сая долларын зээлийг холимог нөхцөлөөр олгох боломжтой гэдгээ хэлсэн байгаа. Үүнийг “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр, төмөр зам барих төслийг санхүүжүүлэхэд зориулах байх. Гэхдээ Хятадын талтай ярилцана.
С.УУЛ