Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулга төмөр замын талаар нууц гэрээ хийсэн, үүнээс үүдэн төмөр замын төсөл хэрэгжихгүй байгаа тухай бичигдэж, яригдаж байна. Энэ талаар Төмөр замын газрын орлогч дарга Л.Пүрэвбаатартай уулзаж тодрууллаа. Тэрбээр ингэж ярьж байна.
-Үнэндээ төмөр замын төсөл хэрэгжихгүй байгаа шалтгаан нь Х.Баттулга гишүүнд өөрт нь байгаа. Салбар толгойлсон сайд байсан хүн Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө ажилласан бол хууль журмын дагуу зөвшөөрөл авсны үндсэн дээр аливаа гэрээнд гарын үсэг зурах ёстой. Гэтэл Х.Баттулга сайдын толгойлж байсан ЗТБХБ-ын яамныхан, түүний дотор Бодлогын газрынхан хүртэл мэдэхгүй, хийгдсэн гэрээ, санамж бичиг нь ч яаманд бүртгэгдээгүй гэсэн асуудал хөндөгдөж байгаа.
Түүнчлэн төмөр замын хөтөлбөр боловсруулах тусгай багийг Х.Баттулга гишүүн Ганбат гэдэг хүнээр ахлуулан байгуулж, тө мөр зам байгуулах төсөлтэй холбоотой бүхий л асуудлыг уг тусгай баг дээр л ярилцдаг байснаар улс орны хэмжээний бүтээн байгуулалтын энэ том ажлын талаар төр, засгийн өмнө хуулиар хүлээсэн үүрэг бүхий Төмөр замын газар буюу мэргэжлийн хэрэгжүүлэгч агентлаг, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, цаашилбал Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр зам гээд мэргэжлийн байгууллагуудыг огтоос оролцуулаагүй төрийн төсөл, хувийн төслийн алин болох нь ойлгогдохооргүй “нууц” гэрээ, төсөл болж хувирчээ.
Монгол Улсад төмөр замын чиглэлээр мэргэжил эзэмшиж, мэргэшсэн мэдлэг туршлагатай, одоо ажиллаж байгаа 16 мянган иргэн байдаг. Бидний хувьд төмөр зам барьж байгуулах, ашиглаж ажиллах нь энэ насны ажил үүрэг, төмөр замын төсөл хэрэгжүүлэх ажилд оролцох эрх бидэнд бүгдэд байгаа төдийгүй бусад ажил мэргэжил эзэмшсэн хүмүүсийн адил хүлээсэн хариуцлага гэж үзэж байна.Салбарынхаа хамт олонтой хамтарч ажиллаад хариуцлагаа хүлээх шаардлагатай байсан. Ийм гүн гүнзгий зарчим, байр суурь төмөр замын салбарт үйлчилдэг.
Тээврийн салбар, тэр дундаа төмөр замын мэргэжил гэдэг өөрийн гэсэн зүй тогтолтой, онол практиктай байдаг. Хэдийгээр Төрийн сайд шийдвэр гаргах эрх мэдлээ эдэлдэг ч өөрөө хувиараа төсөл хэрэгжүүлэх, өөрөө удирдах чадал туршлага байхгүй, боломжгүй шүү дээ.
Төмөр замын салбарт эрх зүйн орчин нь бүрдээд, уул уурхай хөгжөөд ирэхээр хөрөнгө оруулалтаа шийдэж, мэргэжлийн туршлагатай салбарын хүмүүс нь барьж байгуулаад, ашиглаад явах ёстой. Түүнийг нь төр засаг дэмжиж, бодлого чиглэлдээ нийцүүлээд явахад хэн саад болоод байна вэ?
Нэмүү өртөг бүтээх, аж үйлдвэрийн парк бий болгох гээд улс орны хөгжилд хэрэгтэй зүгт төмөр зам барих, ашиглах хэрэгтэйг бид ойлгож, оролцох хүсэлтэй байдаг. Гэтэл Х.Баттулга сайд Монголын 16 мянган мэргэшлийн туршлагатай төмөр замчдад ийм хүсэл тэмүүлэл байхгүй юм шиг зан гаргасан.
Х. Баттулга сайд аа, Та төсөл хэрэгжихгүй байгаагийн бурууг өөр тийш хазайлган гуйвуулах хэрэггүй. “Та хаяг андуурчээ”. Буруу нь Танд өөрт чинь, бас мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулаагүйд, цаашилбал төрийн төслийг хувийн юм шиг болгосонд чинь байна гэв.
Б.БЯМБА