Лондоны олимпийн бамбар тавдугаар сарын 10-17-нд Грекийн нутгаар аялаад 19-нд Их Британид очих ёстой. Грекийн үндэсний олимпийн хороо эх нутгаараа бамбар аялуулах төлөвлөгөөг гаргажээ. Нээлтийн ажиллагаа орон нутгийн цагаар 10-ны 19.00-д Олимп уулын хормойд эхлэх бөгөөд бамбарыг хамгийн анх авч явах хүнээр 10.000 км-ийн дэлхийн аварга усчин Спирос Жианниотис сонгогдсон байна.
Аяллын үеэр бамбар 40 хот сууринг тойрч, 1.8 мянган миль замыг туулах аж. Грек улс эдүгээ санхүүгийн хямралд өртөөд байгаа учир Засгийн газар зардлын зарим хэсгийг гаргаж чадахгүй гэнэ. Тиймээс үлдсэн зардлыг зарим томхон компаниуд гаргах юм. Бамбарын аяллыг урьд өмнөх жилүүдийг бодвол зардал багатай, цомхон хийх бодолтой буйгаа Грекийн үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Спирос Капралос өгүүлсэн байна.
Водопьянов олимпоос өмнө хүчтэй тамирчидтай тоглох бодолтой
2007 оны дэлхийн аварга боксчин Сергей Водопьянов Лондоны олимпоос өмнө хэд хэдэн чанартай тулаан хийх төлөвлөгөөтэй байгаагаа ярьжээ. “Польшийн тэмцээнээс өмнө сайн өрсөлдөгчтэй тоглож амжина гэж бодож байна. Лондоны олимпийн өмнө би 6-9 хүнд тулаан хиймээр байна. Өнгөрсөн хоёрдугаар сард би Казахстанд гурван том тоглолт хийсэн. Харин Польшид сайн өрсөлдөгчтэй таарна гэж найдаж байна” хэмээн орос боксчин өгүүлжээ. Тэрбээр өнгөрсөн жил Бакугийн ДАШТ-ий 56 кг-д наймд шалгарч олимпийн эрхээ авсан юм.
Францчууд усанд сэлэлтээр 10 медаль авах зорилготой
Гуравдугаар сарын 25-нд Францын усанд сэлэлтийн АШТ явагдаж өндөрлөлөө. Эндээс олимпийн бүрэлдэхүүн эцсийн байдлаар тодорсон байна. Тэд Лондон руу нийт 29 усчинтай очих бөгөөд 10 медаль авах зорилготой гэнэ. “Бид өөртөө итгэлтэй байгаа. Лондонд манай усчид 8-10 медаль авах бүрэн боломжтой” хэмээн Францын усанд сэлэлтийн холбооны ерөнхийлөгч Фрэнсис Люси ярьжээ. Тус улсын усчдаас 15 нь хувийн төрөлд эрхээ авсан бол 14 нь буухиа уралдаанд өрсөлдөх юм. Тэдний хамгийн их найдвар тавьж буй тамирчин нь өнгөрсөн жил Шанхайн ДАШТ-ээс 100 метрийн араар даллах төрөлд алтан медаль авсан Камиле Лакур болж байна. Мөн 200, 400 метрийн чөлөөт сэлэлтэд улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосон Камиле Муффад ч бас итгэл хүлээлгэж байгаа аж. Афины олимпийн 400 метрийн аварга Лора Маноду 100, 200 метрийн араар даллах сэлэлтэд эрхээ аваад буй. Тэрбээр Лондонд өөрийн бага дүү Флорентай хамт уралдана. 21 настай Флорен 50 метрийн чөлөөт сэлэлтэд энэ жилийн гурав дахь шилдэг цагийг үзүүлээд байгаа юм. Харин Бээжингийн олимпийн 100 метрийн чөлөөт сэлэлтэд түрүүлсэн алдарт Ален Бернар олимпийн эрхээ авч чадаагүй аж.
Шинэ Зеландын хөлбөмбөгчид Лондонд өрсөлдөнө
Энэ сарын 16-25-нд олимпийн хөлбөмбөгийн тэмцээний Далайн бүсийн сонгон шалгаруулалт Шинэ Зеландын Таупо хотноо болов. Тус бүс нутгийн долоон улс ганц эрхийн төлөө тэмцэхэд талбайн эзэд түрүүлэн Лондонг зорих эрхтэй болжээ. Тэд хэсэгтээ Папуа Шинэ Гвинейг 1:0, Тонгаг 10:0, хагас шигшээд Вануатуг 3:2, финалд Фижиг 1:0-ээр буулгаж авсан юм. Шинэ Зеландын хөлбөмбөгчид “Бээжин-2008”-д анх удаа олимпийн эрхээ аван өрсөлдсөн бөгөөд хэсэгтээ нэг тэнцэн, хоёр хожигдож байв.
Америк тэмцээний гадна
Тэгвэл энэ өдрүүдэд Төв Америк болон Карибын тэнгисийн орны хөлбөмбөгчид Лондонг зорих эрхийн төлөө тэмцэж байна. Энэ бүсийн найман баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд финалд шалгарсан хоёр нь Лондонд тоглох эрхээ авна. Харин КОНКАКАФ-ын шилдэг багуудын нэг Америк хэсгээсээ гарч чадаагүй нь томхон сенсаац байлаа. Тэд эхний тоглолтдоо Кубыг 6:0-ээр хожиж, гараагаа сайхан эхэлсэн ч дараа нь Канадад 2:0-ээр дийлдэн байдлыг ээдрээтэй болгосон. Тиймээс сүүлийн тоглолтдоо Сальвадорыг заавал хожих ёстой байлаа. Тэд энэ тоглолтод 3:2-оор давамгайлж явсан боловч шүүгчийн мэдлийн дөрөв дэх минутад Сальвадорын залуу хагас хамгаалагч Ж.Алас тэнцээний бөмбөгийг хийж, америкчуудыг шоконд оруулсан юм. Ингэснээр Сальвадор таван оноогоор хэсгээ тэргүүлж, тэдэнтэй адил оноотой Канад удаалав. Нөгөө хэсгээс Мексик, Гондурас гарсан юм. Хагас шигшээд Мексик-Канад, СальвадорГондурасын багууд оноолт таарчээ. Их шөвгийн хоёр тоглолт 31-нд, финал дөрөвдүгээр сарын 2-нд болно.
Арабын Эмиратын хөлбөмбөгчид шагнуулав
Арабын нэгдсэн Эмират улсын ерөнхийлөгч Шейх Халифа ибн ЗайдаэНахайян улсынхаа хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогчдыг 100 мянган еврогоор шагнажээ. Хөлбөмбөгчид нь Лондоны олимпод оролцох эрхтэй болсныхоо ачаар энэхүү шагналыг гардсан юм. Эмиратууд урьдчилсан шатанд Австрали, Узбекистан, Ирак бүхий үхлийн хэсэгт багтсан ч дөрвөн хожил, хоёр тэнцээгээр итгэл төгс нэгээр гарчээ. Арабын нэгдсэн Эмират “World Cup-90”-ээс хойш анхны томхон тэмцээндээ оролцох гэж байна. Тэдэнтэй хамт Япон, БНСУ-ын шигшээ Лондоны “виз”-ээ өвөртөлжээ. Харин хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн багууд нэмэлт нэг эрхийн төлөө тойргоор тоглох бөгөөд ялагч нь Африкийн бүсийн дөрөв дэх багтай халз тоглох юм.
Б.ТЭМҮҮЛЭН