Клубүүдийн хамгийн нэр хүндтэй тэмцээн-Аваргуудын лигийн түүхэнд тохиолдож байсан хамгийн том сенсаацуудыг эргэн дурсъя.
10. “РУБИН”-Ы “КАМП НОУ”-Д БАЙГУУЛСАН ЯЛАЛТ (2009-10)
Өмнөх жил нь Аваргуудын лигт түрүүлээд байсан “Барса”-гийн бүдрэх нь өдрийн од мэт ховор байсан юм. Ялангуяа талбайдаа ялагдана гэдгийг мартаад байлаа, тэд. Гэтэл Оросын “Рубин” аваргуудыг гэрт нь 1:2-оор нугаслаж, томхон сенсаац дэгдээв. Тоглолт эхлээд хоёрхон минут өнгөрч байхад Рязанцев каталончуудын хаалгыг мялааж, гайхамшигт түүхийн эхлэлийг тавьсан. Харин 48 дахь минутад Ибрагимович тоог тэнцүүлэхэд бүх зүйл ном журмандаа орох нь гэж бүгд бодсон. Гэтэл 73 дахь минутад турк легионер Гекдениз ялалтын бөмбөгийг хийж, багтаа гурван оноо авчирсан юм. Казаньчууд хариу тоглолтод 0:0-ээр тэнцэж, өмнөх ялалтаа гэнэтийнх байгаагүйг нотолсон билээ. Гэвч “Рубин” бусад багтай тааруухан тоглосноор хэсгээсээ гарч чадаагүй юм.
9. “ШТУРМ” ХЭСГЭЭ ТЭРГҮҮЛЭВ (2000-01)
Австрийн “Штурм Грац” тэр жил UEFA-гийн цомын эзэн “Галатасарай”, Шотландын аварга “Рейнжерс”, Абидаль, Жюли, Рийсе, Коштинья, Пршо нарын “Монако”-тай нэг хэсэгт багтсан. Энэ дунд “Штурм”-ын хэсгээс шалгарах магадлал хамгийн багад тооцогдож байлаа. Тэд эхний тоглолтдоо “Рейнжерс”-т 5:0-ээр хожигдож, энэ таамгийг улам баталгаажуулсан. Дараа нь “Галатасарай”-г 3:0-ээр хожсон ч гуравдугаар тойрогт “Монако”-д 5:0-ээр хожигдов. Гэтэл австричууд төгсгөлийн гурван тоглолтдоо хоёр хожиж, нэг тэнцсэнээр 10 оноотой болж, хэсгээ тэргүүлэх нь тэр. “Галатасарай” найман оноотой удаалж, “Рейнжерс”, “Монако” тэмцээнээс хасагджээ.
8. “АПОЭЛ” ДУНД ШӨВӨГТ (2011-12)
Киприйн даруухан баг энэ жил “Зенит”, “Порту”, “Шахтёр” гэсэн боломжийн өрсөлдөгчидтэй нэг хэсэгт багтсан. Гэхдээ л тэднийг хэсгээс шалгарна гэж таамаглах зоригтон олдохгүй байлаа. Харин “АПОЭЛ” нягт хамгаалалт, өндөр сахилга батынхаа ачаар зургаан тоглолтоос хоёр хожил, гурван тэнцээ авч, “G” группийг тэргүүлэв. Гэтэл “АПОЭЛ”-ийн сенсаац үүгээр дуусаагүй байж. Тэд хасагдах шатны эхний даваанд Францын “Лион”- той оноолт таарч, эхний тоглолтдоо 1:0-ээр хожигдсон ч хариу тулаанд мөн дээрх тоогоор давамгайлсан. Ингээд цуврал торгуулийн цохилтоор ялагч болж, шилдэг найман багийн тоонд багтсан билээ.
7.“ДЕПОРТИВО”-ГИЙН ГАЙХАЛТАЙ ЭРГЭН ИРЭЛТ (2003-04)
Аваргаа хамгаалан тоглосон “Милан” тэр жил шөвгийн наймд Испанийн “Депортиво”-г гэртээ авчран 4:1-ээр бут ниргэв. Ингэснээр миланчууд их шөвөгт шалгарах болзлоо бараг биелүүлсэн гэж болно. Гэвч Ла Коруньягийн баг бөмбөг бөөрөнхий гэдгийг италичуудад сануулж, хариу тоглолтод 4:0-ээр хожсон юм. Харамсалтай нь Франы хийсэн дөрөв дэх бөмбөг “Депортиво”-гийн Аваргуудын лиг дэх сүүлийн гоол байж. Тэд дараагийн даваанд “Порту”- гийн хаалганд гоол хийж чадалгүй мултарсан (0:0, 0:1) түүхтэй.
6.“СПАРТАК”-ЫН ЗУРГАА ДАРААЛСАН ЯЛАЛТ (1995-96)
Польшийн “Легия”, Норвегийн “Русенборг”, Английн “Блкебэрн”-тэй хамт нэг хэсэгт багтсан “Спартак”-ийн хувьд нокаут шатанд үлдэж чадвал том амжилт байлаа. Гэтэл Москвагийн баг бүх өрсөлдөгчөө дараалан хожиж, түүхэнд тодоор бичигдэх сенсаац дэгдээсэн юм. Юран, Черчесов, Онопко, Кульков нарын ододтой “Спартак” тэр жил анх удаа Аваргуудын лигийн хасагдах шатанд үлджээ.
5. ЛОБАНОВСКИГИЙН ҮЕИЙН “ДИНАМО” (1997-98, 98-99, 99-00)
70-аад онд мандан бадарч явсан “Динамо Киев” ерээд оны сүүлээр дахин сэргэсэн нь энэ. Тэр үед киевчүүд гурван жил дараалан хэсгээсээ шалгарсан бөгөөд 1998-99 онд нь бүр их шөвөгт шалгарсан юм. Улмаар тэр даваанд “Бавари”-тай ана мана үзэлцэж, 3:3, 1:0-ээр дийлдсэн юм. Тэд шөвгийн наймд өмнөх жилийнх нь аварга “Реал”-ыг мулталсныг сануулах нь зүйтэй байх. Энэ үеэс А.Шевченко, С.Ребров нар од болох эхлэлээ тавьж байлаа. Шевченко өөрийгөө нээн харуулсныхаа ачаар 1999 онд 25 сая доллараар үнэлэгдэн “Милан”-ыг зорьсон билээ.
4. “АЯКС”-ЫН ГАЙХАМШИГ
“Аякс”-ын хүүхдийн академи ямар алдартай болохыг тэрхүү улирал бүрэн утгаар нь харуулсан. Луи Ван Галь тэр жил дандаа өөрийн академиас төрөн гарсан ван дер Сар, Райцигер, Блинд, Райкард, Ф. де Бур, Зеедорф, Кану, Литманен, Клюйверт, Давидс, Финиди, Р. де Бур, Овермарс нарын залуусын хүчээр Аваргуудын лигийн дөрөв дэх түрүүгээ авсан юм. Тухайн үед Зеедорф 22, Клюйверт, Кану нар 18 настай байлаа. Тэд түрүүлэхдээ 11 тоглолт дараалан ялагдал амсаагүй (7 хожил, 4 тэнцээ) бөгөөд 18 гоол оруулж, дөрвийг алджээ. Амстердамчууд тэгэхэд хүчирхэг “Милан”-ыг гурван удаа (хэсэгтээ хоёр, финалд нэг) хожиж байв. Мөн хагас шигшээд “Бавари”-г хоёр тоглолтын нийлбэрээр 5:2-оор давамгайлсныг дурдах нь зүйтэй.
3.“ПОРТУ” VS “МОНАКО” (2003-04)
Тэр жил “Реал”, “Челси”, “МЮ”, “Милан”, “Ювентус” зэрэг томчууд анхаарлын төвд байсан хэдий ч “Порту”, “Монако” гэсэн хоёр сураггүй баг финалд шалгарч, олныг алмайруулсан юм. “Луунууд” шигшээд шалгарах замдаа “МЮ”, “Лион”, “Депортиво”-г мулталсан бол “Монако”-гийн хохирогч нь “Локомотив”, “Реал”, “Челси” болсон юм. Энэ тэмцээн Ж.Моуриньог ямархуу дасгалжуулагч болохыг дэлхий нийтэд харуулсан билээ.
2.“МИЛАН”-“РУСЕНБОРГ” (1996-97)
“Милан” тэр жил хэрэггүй оноо олныг алдсаны балгаар сүүлийн тойрогт үхэх, сэхэхээ шийдэх хэмжээнд хүрсэн. Гэхдээ энэ тойрогт талбайдаа “Русенборг”-гийг хүлээж авах болохоор тэдний амжилтад эргэлзэх хүн үгүй байлаа. Тэгээд ч тэнцээ л шаардлагатай байсныг ч хэлэх үү. Гэтэл норвегичууд хүчтэй өрсөлдөгчөө талбайд нь 1:2-оор хожиж, олон жил яригдах сенсаацыг дэгдээсэн түүхтэй. Сонирхуулахад тухайн үеийн “Русенборг” ганц ч легионергүй (үндсэн бүрэлдэхүүний 11 болоод сэлгээний тав), дандаа норвегичуудаар багаа бүрдүүлсэн байв.
1.СТАМБУЛЫН ФИНАЛ (2005)
“Стамбулын финал” нэрээр алдаршсан энэ тоглолт нэгд жагссан нь зүй ёсны хэрэг байлаа. “Ливерпуль” хэдийгээр сайн бүрэлдэхүүнтэй, хүчтэй баг хэдий ч эхний үед 3:0-ээр ялагдаж яваа тэднийг гайхамшиг бүтээнэ гэж таамагласан хүн үгүй болов уу. Гэтэл Жерард ба түүний нөхөд зургаан минутын дотор тоог тэнцүүлж чадсан төдийгүй торгуулийн цохилтоор ялагч болсон билээ.
Б.ТЭМҮҮЛЭН