Дөрвөн жилийн өмнө болсон УИХ-ын сонгуулийн дүн иргэдийг бухимдуулсан нь үнэн. Харин сонгогчдын олонх бухимдсан уу, цөөнхийнх нь зэвүүг хүргэсэн үү, долоодугаар сарын 1-нд бидний заримд жагсаж цуглах шалтгаан гарсан нь бодит явдал. Манай улсад сонгууль ер нь будлиантай болдгийг 2008 оны сонгуулийн дараа бүрэлдсэн Парламент дахь намын бүлгүүд хүлээн зөвшөөрсөн. Тийнхүү санал нь гээгдсэн иргэдийн хүсэлтээр Сонгуулийн тухай хуулиа бяцхан боловч засварлан баталж, сонгогчдын саналыг аль болох шударга тоолчих машин техник олоод байгаа. Харин үүгээр ирэх сонгуулийн дараа “долоодугаар сарын 1” болохгүй гэж хэлэхийн аргагүйгээр улстөржилтөөр “гал өрдөөд” эхэллээ. Улс төрийн агуу их доромжлол болдог аж.
Бүх зүйлд тайлбар байдаг. Ялангуяа хүмүүсийн эрхийг зөрчсөн, олон сонирхол мөргөлдсөн хэрэг явдлын тайлбарыг үнэнд дөхүүлэхгүй бол хожим ужгиран, тэмцэл өмнөхөөс ч гаарах аюултай. Гэвч аминдаа хайртай байдаг нь хүн төрөлхтний мөнхийн алдаа. Гэмт хүн тайлбарыг бодит байдлаас хөндийрүүлэх, өөрөөсөө холдуулах гэх нь гэм гэхээсээ зан нь ч юм шиг. Талууд өнгөрсөн хугацаанд өөр өөрийн тайлбарыг болгоолголоо. Өгүүлэгч этгээд бүхэн өөрийгөө зөвтгөн, бусад нь буруутай мэт олон үзүүрт үгс огтлолцов. Ингэхдээ “МАН ба шүүгдэж буй цагдаагийн удирдлагууд”, “АН ба Ерөнхийлөгч, шүүгчид” гэсэн хоёр тал илэрхий тэмцэлдэж байна. Энэ хоёр тал Монголыг тэр чигээр нь фронтлон, олон нийтийн нэртэй боловч үнэн хэрэгтээ улстөрчдийн халаасанд хэвтдэг хэрэгслүүдийг дайчлан, эсрэг тэсрэг мэдээллээр байр суурийг нь хуваах болов.
Улстөрчид олон нийтийг дэндүү басамжилж байна. Талцсан “тархи угаалтаас” харвал долоодугаар сарын 1-ний гол хохирогч нь улстөрчид, цагдаа нар л юм шиг байна. Сонгогчдын эрх ашиг зөрчигдсөн эсэх, таван халуун амийг хэн хөнөөсөн нь адаг сүүлдээ тун бүрхэг болоод ирлээ. Долоодугаар сарын 1-ний хэрэг явдал иргэдийн эрхийг хамгаалах гол зорилгоосоо алдуурсан нь улс төрийн томоохон намуудаас өөрт харьяалагддаг хэдэн лидерийнхээ “толгойг” хамгаалах детектив болж орхисонтой шууд холбоотой. Цагдаагийн удирдлагад тохоож буй гэм буруу шударга бус бөгөөд МАН-ыг давхар яллах зорилгоор шүүгчид ажиллаж байгаа бололтой. Ингэж чадвал энэ нь АН-аас Төрийн тэргүүн “төрсний” гавьяа болох төлөвтэй.
Жирийн иргэдийн цуглаан хэдхэн цагийн дотор хэрхэн мод чулуутай нанчилдаан, буу шийдэмтэй анархизмд хувирсан нь монголчуудын нүдний өмнө болсон явдал. Долоодугаар сарын 1-ний жагсаал яагаад эмх замбараагүй, эрээ цээргүй явдлаар өндөрлөлөө? Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдэгчлэн сонгуулийн булхай гаргаагүй бол жагсаал цуглаан болохгүй байсан. Овлигогүйгээр турхирсан тэр хүмүүс өөрсдийн мэдэлгүй үймсэн олныг хяналтаасаа алдсан шүү дээ. Тэгээд тэр шөнө таван халуун амь бөхсөн. “Долоодугаар сарын 1”- ний өмнө хүлээх ял шийтгэлийн дэс дараалал ийм тодорхой байхад юун их хөөстэй улс төр вэ. Энэ хэрэгт улс төрөөс өөр доромжлол үгүй.
Өдгөө “Долоодугаар сарын 1”-ний хэрэг бодит байдлаас хазайн хазайсаар, одоо бол УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа дахиад ямар гээчийн эмх замбараагүй явдал болохыг бэлгэдсэн улс төрийн турхиралт маягийн зүйл болж хувирав. Улстөржөөд унахаараа яадаг билээ? С.Зоригийг хөнөөсөн хэргийн ээдрээ тайлагдаагүй шиг замхарна. Ард түмэн тэнэг болж доромжлуулаад, хүлцэнгүй ноомой хоцорно.
Б.ЭНХЦЭЦЭГ