УИХ-ын хаврын чуулган долоо хоногийн дараа эхэлнэ. Сонгуулийн өмнө давчуухан хуралдах уг чуулганаар 11 асуудал хэлэлцэхээр УИХ-ын дарга захирамждаа тусгажээ. Олон нийтийн анхаарлыг татаад буй Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хууль энэ жагсаалтад “байсангүй”. Энэ талаар Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга С.Магнайсүрэнгээс тодрууллаа.
-Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ асуудлаар бэлтгэл хэр хангаж байна вэ?
-Хоёр төслийг хэлэлцэхээр шийдсэн байгаа. Тамгын газрын зүгээс аль ч хувилбараар нь хэлэлцсэн, бэлтгэлээ хангасан. “Бусад” асуудлын хүрээнд ямар хуулиудын төслийг хэлэлцэх, намын Бүлгүүд бэлтгэлээ хэрхэн хангах талаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс чиглэл өгсөн.
-Хаврын чуулганаар хэлэлцэхээр нэр заасан ямар ямар хуулийн төсөл байна вэ?
-Байгаль орчныг хамгаалах багц хуулийн төслийг эхний ээлжинд хэлэлцэхээр болсон. Энэ хүрээнд ярих 10 хуулийн төсөл байгаа. Салбарын Байнгын хороон дээр Л.Гансүх гишүүний ахалсан 15 хүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. Мөн Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг удаад нь оруулсан. Гуравдугаарт, Инновацийн тухай хуулийн хоёр төсөл бий. Төрөөс баримтлах соёлын бодлогыг батлах баримт бичиг, Соёлын өвийг хамгаалах хуулийн төсөл, үүний дараа хуульд заасан хугацаатай асуудлыг оруулсан байгаа.
Сонгууль зарлахаас өмнө нийгэм, эдийн засгийн байдал ямар байгааг мэдээлэх асуудал бас байгаа. УИХ-ын ээлжит сонгуулийг товлон зарлах тухай тогтоолыг хэлэлцэнэ. Сонгуулийн товыг санал хураах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө батлах ёстой. Мөн эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
-Хаврын чуулган хэдий хүртэл хуралдах вэ?
-Сонгуулийн өмнөх чуулган учир тавдугаар сарын 10 хүртэл эрчимтэй ажиллана. Тамгын газраас олон ажлын хэсэг байгуулсан, хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангахаар ажиллаж байгаа. Өмнөх жишгийг харахад сонгуулийн өмнөх чуулган дээрх хугацаа хүртэл ажиллаад завсарласан байна.