Гар зангидан барайж, хөмсөг атируулан хүрлийж, уур цухалдаа хүлэгдэн суухын хэрэг юу байна? Хайран биеэ тамлан тарчлааж, хамгийн ойрын хүмүүсийнхээ зүрхийг зүсэн сэтгэлийн тамд унагах нь сайн үйл, сайхан зүйл яаж ч бодсон биш. Хөндлөнгийн хүмүүс чамайг зүгээр суухад зүүгээр хатгах адил уурлуулаад байна уу, чи өөрөө шүдэнз зурах адил дүрсхийн уурлаад байна уу гэдгээ уураа гарсан үедээ сайтар тунгаан бодоорой. Дийлэнх тохиолдолд уурласан учир шалтгаан нь бусдаас бус өөрөөсөө үүдэлтэй болохыг хожуу ч гэлээ ухаарч ойлгох вий. Хүмүүс бурууг бусад руу түлхэх, бурууг өөрөөсөө зайлуулах хүсэлдээ хөтлөгдөн, төөрөгдлийн мананд зүг чигээ алдан мунгинах нь элбэг. Юмны наана цаана, учир начрыг маш сайн мэдэх учиртай хүмүүс хүртэл өөрөө буруутай гэдгээ мэдсээр байж бурууг бусдаас улайн цайн хайж, уснаас хуурай гарчих санаатай есөн жорын арга саам, ов мэх хэрэглэн элдэвлэх нь үнэхээр хачирхалтай. Магадгүй, ааваас амь үнэнч гэдэг шиг хүн өөртөө бүхнээс илүү хайртай болохоор биеэ өмөөрөх мэдрэмж нь бурууг биеэс зайлуулж, үнэний өмнө хаалт болон хөндөлсдөг байж мэдэх юм. Буруугаа бусад руу түлхчихээд, юу ч болоогүй юм шиг ичих нүүрэндээ илэг наачихаад хээв нэг сууж байдаг хүнийг зөв хүн, сайн хүн гэж хэлэх аргагүй. Сайн хүн байхын тулд, зөв хүн болохын тулд, хүн чанараа хадгалахын тулд бурууг бусдаас хайдаг муу зуршлаас үтэр түргэн салах хэрэгтэй. Тэгэхийн тулд юуны өмнө буруу зүйл хийснээ хүнээр хэлүүлэлгүй өөрөө ухаарч, буруугаа хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхээ, эр зоригтой болох учиртай. Буруугаа хүлээн зөвшөөрөх эр зориг дутагдсаар байвал буруу үйлдэл чинь дахин давтагдсаар, байж л байдаг хэвийн зүйл мэт хэвшиж хоногшин архагшиж, буруу зөрүү үйлдлийн намагт ягуухан зугуухан гүн шигдсээр байх болно. Бүх буруугаа бусад руу түлхэж суудаг хүн тун удалгүй алдаа дутагдлын үүр уурхай болж хувирна. Буруу зөрүүгээ хүлээн зөвшөөрөөд зогсохгүй түүндээ сэтгэл зовж, харамсан гэмших ёс зүйгээ хаяж гээгээгүй хүнд буруу зам руу хальтрахгүй байх дархлаа тогтоно. Бурууг эхлээд өөрөөсөө хайж сур, зөв замаар урагшлахад чинь онцгой чухал хэрэг болно. “Өөрийн буруутайг ухаарах нь урьдахаасаа улам илүү ухаантай болохын шинж”. Буруутныг хайхдаа түүгээр явсан гайг үүгээр дуудав гэдэг шиг бусдын бурууг өөртөө нялзаан сайн хүн болох гэсний хэрэггүй, лай болно. Өөрийн буруугаа өрөөл рүү түлхэх зуршилтай хүн бусдыг үргэлж шүүмжилж, ил биш ч дотор сэтгэлдээ хараан зүхэж, хөмхийгөө зуун, гараа тас атган, дотроо муухайртал шаналдаг. Тэд мөнхийн сэтгэл дундуур. Бусдыг хүлээж авдаггүй. Өөрөө зөв, бусад нь буруу гэх үзэл бодол тархи толгойг нь эзэлж дүүргэсэн байна. Хэн ч гэсэн буруутгаж байгаа хүндээ сайхан сэтгэлээр ханддаггүй. Өөрийнх нь бүх азгүйтэл бусдын буруугаас болсон мэт эндүү бодож, хараан зүхнэ. Энэ хараал зүхэл нь буруутгаж байгаа хүнээс илүүтэй өөрт нь гай барцад, лай ланчиг дуудна.
Аливаа зүйлийг магтах гэсэн хүн гэрлийг нь, муулах гэсэн хүн сүүдрийг нь олж хардаг жамтай. Бусдыг буруутгагчдын нүдэнд байнга сүүдэр харагдаж, цээжиндээ буруу бодол, хар санаа хадгалж, хорвоогийн бор хоног, шар өдрийг өнгөрөөнө. Уг нь цээжиндээ харгүй, сэтгэлдээ хоргүй амьдарвал буян заяа байнга түшиж явах гэгээн тавилантай. Өнгөрсөн хийгээд ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж, ажил үйлийг бүтээх талаас нь бодож чадвал бүтэшгүй мэт төсөөлөгдөж байсан хэцүү асуудал хүртэл ид шидийн мэт бүтээд ирэх нь гайхамшиг. Энэ ч болохгүй, тэр ч бүтэхгүй гэж зоригоо мохоон, өөрийнхөө урагшлах замд хориг саад, хана хаалт босгоод байвал хялбархан бүтчихмээр ажил ч чөтгөрийн хорлолд дайрагдах мэт замран замхрана. Бодол санаа өөдрөг бус, байхгүй, бүтэхгүй гэх үгс амны уншлага болсон усан амтай хүний хийморь доройтон аз харьж, заяа нь хаяж үйлс нь хазайна. Ухаан бодлоо өөдрөг тал руу нь залан, санаа сэтгэлээ зөв зүгт жолоодож чадвал боломжгүй, бүтэмжгүй гэх ойлголт тун удалгүй хуучирсан үгс мэт сонсогдон, улмаар чамд хэрэглэгдэхээ болино. Өөдрөг бодол өнгөтэй өөдтэй зүгт хөтлөнө, гутранги бодол уруудах доройтох замд дөтлөнө. Сайн бодол халамжлан хайрлагч дотно нөхөр мэт чиний төлөө үйлчилж, муу бодол харгалдан тэмцэх хартан дайсан мэт чиний эсрэг үйлчилж байдгийг мэдээрэй.
Харсан, сонссон бүхнээсээ өө хайн өөнтөглөн шүүмжилж, хавьтсан ойртсоноо хорсон зүхэж суугсад бусад хүмүүсийн үйлдэл бүхнийг өөрийн бодолтой нийцүүлэх гэсэн үл биелэх хүсэлдээ дийлдэн сэтгэлээ түйвээн, биеэ зовооно. Тэд өөрийн бодлоо өндөг шиг өө сэвгүй, хамгаас үнэн зөв гэж үзэн, бүгдийг өөрийн хүсэлдээ таарч тохируулах санаархал нэвт шингэсэн үл гүйцэлдэх бодолдоо хөдөлгөөнгүй хүлэгдэнэ. Эд нар зөвхөн өөртөө л таардаг хүмүүс. Харамсалтай нь “Зөвхөн өөртөө таардаг хүн өөр юунд ч зохилддоггүй”, зожиг бөгөөд хажиг, ууртай бөгөөд уцаартай нэгэн болж өөрийгөө зовоон тамлана. Тийм этгээд нэгэн болчихоос сэрэмжлэн, биеэ хамгаалаарай. Харсан үзсэн бүхэн нь санаанд үл нийцэж, хавьтсан ойртсон бүхэнд сэтгэл хангалуун бус болж уурлан цухалдаж, үзэн ядаад эхэлбэл бодол санаа чинь хаашаа эргэж, юунд хүргэж болзошгүйд нухацтай дүгнэлт хийх цаг болсны дохио санамж. Сэтгэл зүйн ийм байдалд удаан байгаад байвал элдэв өвчний үүр болж, эрүүл мэндээ сүйтгэх аюулд өртлөө гэсэн үг. Хэдийчинээ олон хүнийг буруутган чичилж, жигшин зэвүүцнэ, хэр зэрэг хүчтэй үүнийгээ үйлдэнэ, тэр хэрээр амьдрал чинь аюулын ангал руу ойртон дөхөж очно. Хэрвээ алхам тутамд чинь дандаа муу хүмүүс таараад байгаа мэт санагдвал бурууг тэднээс биш, өөрөөсөө эхлээд хайгаарай. Тэр хүмүүс бүгдээрээ чамд таалагдах албагүй, бодол хүсэлд чинь нийцэх үүрэггүй. Тэд өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй, өөр өөрийн бодолтой тэс ондоо хүмүүс. Чи өөрийнхөө бодол санаанд нийцэн, хүсэл сонирхолд таарсан тийм нэг сонгомол хүмүүсийн хэв загварыг сэтгэлдээ бий болгон хайгаад байгаа учраас чамтай тааралдсан хүмүүс муу муухай мэт санагдаж байж мэдэх юм. Хаанаас л хүний хорвоо дан муу хүмүүс, адгийн шааруудаар дүүрчихэв гэж. Чи тэртэй тэргүй өөрийнхөө хүсэл бодлоор муу үйлдэлт хүмүүсийг засч сайжруулж чадахгүй. Эхлээд өөрийгөө засахыг хичээ. Өөрийгөө засч чадахгүй байгаа хүн өрөөл бусдыг засах тухай санасны ч гарз, цагийн ч гарз.
Өдөр, шөнө ээлжлэн солигддогийн адил бидний хорвоо үргэлж хоёр талтай гэдгийг мартуузай. Өнөөдөр зовж зүдэрч байгаа бол маргааш жаргана гэдэгт найдаж итгэх хэрэгтэй. Хууль ёсыг сахигч шударга ёс журамтай хүмүүс байхад, хууль ёсыг уландаа гишгэгч ёс журамгүй, эрээ цээрээ алдсан хүмүүс цөөнгүй бий. Өглөгч өгөөмөр хүмүүс байхад харамч жудаггүйчүүд бас байна. Хүн бүр өөрийнхөө ертөнцөд хувь тавилангаараа аж төрдөг. Хүн болгон өөрийн гэсэн амьдралын замтай. Өөрийн гэсэн ааш араншинтай. Хүн бүр хэн нэгэнд таалагдаж, хүслээр нь амьдрах биш, өөрийн тааваар амьдралаа таашаан таалж амьдрах гэж хорвоод ирсэн. Хүн бүр өөрийн гэсэн үүрэгтэй ирээд үүргээ биелүүлээд буцдаг нь хорвоогийн ёс.
Өөдгүй муу, ёс жудаггүй хүмүүсээс холдохыг хүсч байгаа бол эхлээд өөрийнхөө бодол санаа, үйлдэл хөдлөлдөө дүгнэлт хий. Бусдыг өөлөн өөнтөглөж, янз бүрээр гоочилж, үзэн ядаж, хорсон тэчьядахаа л больчих. Хорвоог сайн муу, сайхан муухайгаар хуваадаг зуршлаасаа салж, аль ч хүнийг бусдын л адил хүн гэдэг талаас нь харж, хүмүүс чамтай яаж харьцаасай гэж хүсч байна яг тэр адилаар бусадтай харьцаж эхэл. Тэгж чадах аваас орчлонгийн хүн зоныг цоо шинээр, хайрын нүдээр харж, чиний сэтгэл санаа тайван амгалан болох учиртай гэдэгт итгээрэй. Бас зангидаж атгасан гар чинь тэнийгээд ирнэ аяндаа. Аль ч хүнд хайр энэрэл, халамж анхаарал, эелдэг зан, чин сэтгэлийн туслалцаа дэмжлэг түнэр харанхуйг нэвтлэн гийх гэрэл гэгээ мэт ямар сайхан нөлөө үзүүлдэг билээ дээ. Энэ бүхнийг бусдад сэтгэл дүүрэн өгч чаддаг, бас нүүр бардам авч чаддаг хүмүүс аз жаргалтай, тайван амгалан, баяр хөөртэй, эрүүл саруул амьдардаг билээ.
Зангидаж атгасан гараар сайн үйл хэзээ ч хийгдэхгүй. Атгасан гараар яруу тансаг хөгжим туурвиж болох уу? Атгасан гараар бусдыг заналхийлж, дэвэрч асгарах уур хорслоо атгандаа арай ядан барьж тогтоож болох байх. Атгасан гараар ачийнхаа булбарайхан хацрыг энхрийлэн илэн таалж болдог билүү? Атгасан гараар хэн нэгний нүүрэнд нударга буулгаж болох байх. Гараа атган, хөмхийгөө зуусан үедээ хэн ч аз жаргалтай байх хувьгүй. Зангидсан гараа тэнийлгэ. Аз жаргал, амар амгалан гарын алган дээр чинь хөвөн хөлбөрөн ирэх болно.