УИХ-ын зарим гишүүнд тойргийн сонгогчид нь ийм “зөвлөгөө” өгч байгаа гэнэ. Дөрвөн жилийн турш сонгогдсон тойрогтоо бараг харагдаагүй, амласнаа гишүүн болмогц мартсан эрхмүүдэд энэ зөвлөгөө хамаатай юм. Арлын оронд эх орныхоо нэрийг цуурайтуулсан сумоч Д.Батбаяр уг алдраараа одоогийн Парламентад сонгогдсон нэгэн. Өнгөрсөн хугацаанд тэрбээр УИХ-д “хэлгүй, дүлий” мэт л суусан билээ. УИХ-д чимээ аниргүй суудаг шигээ сонгинохайрханчуудад ч бас харагдаагүй аж. Тиймээс тус дүүргийн сонгогчид түүнд дээрх зөвлөгөөг хаяглажээ. Дахин тэнд очих нүүргүй болсон эрхэм гишүүн удахгүй болох сонгуулиар тойргоо солихоос аргагүйд хүрсэн байна. Тэгээд аавынхаа нутаг Ховд аймгийг сонгож өрсөлдөхөөр төлөвлөж байгаа сурагтай.