УИХ-ын гишүүн Л.Гүндалай сүүлийн үед нэлээд “барцадтай” байгаа бололтой. Түүнийг Хөвсгөл аймгийн АН-ын хорооны даргаас огцруулсан, улмаар АТН-даа эргэн очиж байгаа гэх мэт мэдээлэл гарсан. Энэ талаар болон цаг үеийн сэдвээр түүнтэй ярилцлаа.
-Таныг Хөвсгөл аймгийн АНын хорооны даргаас огцруулсан тухай мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Манай намын хорооны хэдэн гишүүн нэг зочид буудлын хонгилд цуглаж хуралдаад намайг “огцруулж”, Батцогт гээд залууг тавьсан байна лээ. Телевиз, радиогоор ийм мэдээлэл гарсан. Би намын даргын ажлаа хийсээр байгаа. Тамга, тэмдэг нь ч надад бий. Намын дүрмийн дагуу асуудлыг олонхиор шийддэг. Тэгээгүй учир тэр хүмүүс намын дүрмийг зөрчсөн хэрэг. Хэсэг хүн л намайг огцруулж тоглож байгаа юм биз.
-Та хамгийн сүүлд хэзээ Хөвсгөлд очсон бэ?
-Гуравдугаар сарын 18-нд очсон. Тэгэхэд болсон хурлаар намайг Гүйцэтгэх зөвлөлд гишүүнээр сонгосон. Үүнийг тарсны дараа л тэр хэсэг хүн хуралдаж, дээрх явдал болсон юм байна лээ.
-Дүрмийн дагуу намын хорооны даргыг огцруулах асуудлыг яаж хэлэлцдэг вэ. Та ер нь ажлаа муу хийсэн юм биш үү. Танай намын хороо хэдэн гишүүнтэйгээс хэд нь дээрх хуралд оролцсон юм бол?
-Сонгуулийн үр дүнгээр л намын хорооны даргатай хариуцлага тооцдог. Өөр шалтгаанаар огцруулах боломжгүй. Би өөрийгөө нэг их муу ажиллаагүй л гэж бодож байна (инээв). Намайг дарга болсноос хойших сонгуульд манай аймаг ялсан. Ерөнхийлөгчийн сонгууль, өөр жижиг нөхөн сонгуулиудын 80 хувьд ялсан. 2008 оны сонгуульд Хөвсгөл аймгийн АН ялагдсан учир даргыг нь сольж, намайг тавьсан. Үүний маргаашнаас л хэсэг нөхөр надаас тамга, тэмдгээ авна гэж хөөцөлдсөн. Ажил хийдэггүй, хоосон шүүмжилдэг ийм 20 орчим хүн байдаг юм. Намын хороо 105 гишүүнтэй. 54 хүн хуралд ирж байж олонх болж, ирц бүрдэнэ.
-Таныг огцруулсан хурал хууль бус байсан юм бол ямар нэг гомдол удирдлагадаа гаргасан уу?
-Энэ талаар намын даргад хэлсэн. АН-д Дүрмийн хороо гэж бий. Үүгээрээ энэ асуудлыг шалгаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан байгаа. “Сонгууль болоогүй байхад хариуцлага тооцох үндэслэлгүй. Тэгээд ч сонгууль дөхсөн үед иймэрхүү халаа сэлгээ хийхгүй. Тэр хүмүүс янз бүрийн явуулга хийвэл авч хэлэлцэхгүй” гэсэн хариуг л удирдлагууд өгсөн.
-Энэ мэдээлэлтэй холбогдуулсан юм уу, таныг АТН-д эргэж орлоо гэх юм?
-Янз бүрийн мэдээлэл гарч л байдаг юм, тоодоггүй шүү дээ. АТН гэж байгаа ч би холбоогүй. Тэд энэ жил сонгуульд ч оролцохгүй байх. Ер нь би хэрэв Ард түмний нам гэдэг нэрийг аваагүй бол МАН нэрээ солихдоо үүнийг авчих байсан биз.
-Танай нам сонгуульд нэр дэвших сонирхолтой хүмүүсээсээ 50 сая төгрөгийн татвар авсан. Үүнийгээ та төлсөн үү?
-Оны өмнө өгөөд дуусгасан. Ер нь 50 сая төгрөгийн татвар төлчих хэмжээний хүмүүс л сонгуульд өрсөлдөх байлгүй дээ. Манай нам ядуу, санхүүжилт хэрэгтэй. Нэр дэвших гэж буй хүмүүсээсээ цуглуулах гэж ядаж байгаа энэ мөнгийг МАН-ын нэг олигарх л гаргаж байгаа.
-Сонгуулийн хуулийг хэлэлцэж байх үед АН-аас оруулсан “шилжих” заалтыг Цэц түдгэлзүүллээ. Таныхаар ийм заалт байх ёстой юу?
-Герман, Япон зэрэг оронд ийм заалт байдаг. Ард түмнээс санал авсан хүн орж байгаа учир шилжих заалт байх ёстой. Гэвч Цэц ийм шийдвэр гаргасныг нэг талыг барьсан, захиалгаар ажилласан гэж үзэж байна. МАН-ын удирдлагын хэдэн нөхрийн л захиалга. Тойрогтоо сонгогдох магадлалгүй болчихсон хэсэг хүн Цэцэд гомдол гаргах хуйвалдаан зохион байгуулсныг бид мэдэж байсан. Цэц тэр захиалгыг нь биелүүлэхээр тохиролцсоныг ч аль сарын өмнө л мэдсэн шүү дээ. УИХ-аар Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр МАН аягүй бол “Хүлээж авахгүй” гэж жүжиглэж магадгүй. Гэхдээ Цэц их суудлын хуралдаанаа хийгээд л хуулийн уг заалтыг хүчингүй болгочихно.
С.ТУУЛ