Сагсан бөмбөгийн хорхойтой нэгэн уншигч маань энэ спортын байрлалуудын талаар тайлбарлаж өгөхийг хүссэн юм. Түүний хүсэлтийг ёсоор болгож, байрлалуудын талаарх ерөнхий ойлголтыг өгье.
Байрлал 1. Point guard буюу холбогч
Баг дотроо бөмбөгийг хамгийн сайн эзэмшдэг, дамжуулалт сайн өгдөг хүн энэ байрлалд тоглодог. Бусад спортоор жишээ авбал хөлбөмбөгийн плеймейкер, америкийн хөлбөмбөгт квотербэк, хоккейн төвийн довтлогчтой зүйрлүүлж болно. Одоогийн шилдэг холбогчид гэвэл Жейсон Кидд, Деррик Рөүз, Стив Нэш, Рэжон Рондо, Крис Пол, Дерон Уильямс нарыг дурдаж болно. Энэ байрлалын тоглогчид ихэвчлэн 183-193 см өндөртэй байдаг. Харин 206 см Мэжик Жонсон түүхэн дэх хамгийн өндөр холбогчид тооцогддог аж. Намхан холбогч гэвэл Нэйт Робинсон (175), Магси Богз (160), Ирл Бойкинс (165) нар байна. Сүүлийн жилүүдэд энэ байрлалын Д.Рөүз, Ж.Уолл, К.Ирвинг нар драфтын ¹1-ээр сонгогдсон нь багийн дасгалжуулагчид холбон тоглогчдод ихээхэн ач холбогдол өгөх болсныг харуулна.
Байрлал 2. Shooting guard буюу довтлогч-хамгаалагч
Багийн хамгийн сайн шидэлттэй тамирчин энэ байрлалд тоглодог. Тэд дунд болон алсын зайнаас ихэнх оноогоо авна. Мөн бөмбөг залах, дамжуулах техник өндөр байх шаардлагатай. Хэрвээ сайн shooting guard-тай бол холбон тоглогчийн ачаа нэлээн хөнгөрдөг. Энэ байрлалын тоглогчид ихэвчлэн 193-201 см байдаг. Гэхдээ 183 см өндөр Айверсон энэ байрлалд сайн тоглодог байв. Энэ байрлалын хамгийн гол төлөөлөгч нь алдарт Майкл Жордан. Мөн Коби Брайант, Дуэйн Уэйд, Рей Аллен, Трйеси Макгрейди, Винс Картер зэрэг оддыг дурдаж болно. Дээхнэ үеийнхний гол төлөөлөл нь Оскар Робертсон, Жерри Уэст, Клайд Дрекслер, Режи Миллер юм.
Байрлал 3. Small forward буюу хөнгөн довтлогч
Энэ байрлалын тоглогчид оролт хийх, нэгийн дамжуулалтаар тохох, данк хийх зэргээр ихэнх оноогоо авч, самбарт ойрхон тоглодог болохоор хурдтай, хүчтэй байх шаардлагатай. Биеийн өндөр нь ихэвчлэн 203-211 см байх нь бий. Мөн тухайн тоглогчоос универсаль байхыг шаарддаг болохоор холбогч, хамгаалагчийн байрлалд ч тоглох хэрэг гарна. Одоогийн оддоос дурдвал Леброн Жеймс, Кармело Энтони, Кевин Дюрант, Пол Пирс нар. Өмнөх үеийнхэн гэвэл Лэрри Бёрд, Скотти Пиппенийг дурдаж болно.
Байрлал 4. Power forward буюу хүчний довтлогч
Төвийн тоглогчийн хамт самбарт ойрхон тоглодог хүчирхэг бие бялдартай залуусыг ийн нэрлэдэг. Тэд ойрын болон дундын зайнаас ихэнх оноогоо авдаг бөгөөд хамгаалалтын гол ноён нуруу болж байдаг. Хүчний довтлогч нар 203-213 см байх нь түгээмэл. Гэхдээ биеийн өндөр тийм ч чухал биш. 198 см Ч.Баркли энэ байрлалд ямар сайн тоглож байсныг санахад илүүдэхгүй биз ээ. Одоо үеийн төлөөлөл гэвэл Кевин Гарнетт, Тим Данкан, Амаре Стаудемайр, Крис Бош, По Газоль, Блейк Гриффин, Дрик Новицки байна. Өмнөх үеийн оддын тухайд Боб Петит, Деннис Родман, Карл Мэлоун… гээд хөвөрнө. Гэхдээ сүүлийн үед Д.Новицки, К.Лав, Р.Льюис, Р.Андерсон зэрэг дундаас болон алсын зайнаас оновчтой шиддэг хүчний довтлогчид, энэ байрлалынхны үүрэг, оролцоог өөрчлөөд байгаа.
Байрлал 5. Center буюу төвийн тоглогч
Ерөнхийдөө багийн хамгийн өндөр тоглогчид энэ байрлалд тоглодог. Тэд ихэвчлэн 113 смаас өндөр байдаг. Тэд будагтай талбайд ихэвчлэн зогсож, бөмбөгний төлөө бусад багийн том залуустай түлхэлцэнэ. NBA-гийн түүхэнд К.А.Жаббар, У.Чемберлен, Б.Рассель, П.Юинг, Х.Олажьювон, Д.Робинсон, Шакил О’Нил нарын үе үеийн шилдэг төвийн тоглогчид гялалзаж байлаа. Харин өдгөө Д.Ховард, М.Газоль, Т.Чандлер, Э.Байнум нарын залуус тэдний орыг залгахын төлөө хөдөлмөрлөж байна. Сонирхуулахад өдгөө Чак Хайес хэмээх 198 см-тай залуу “Хьюстон”-ы center-ээр давгүй тоглож буй. Тэрбээр өнгөрсөн улиралд 8.1 самбар, 7.9 оноо дунджаар авсан юм. Г.БаЯрсайхан