Монгол улс “Лондон-2012” олимпод багийн спортоор өрсөлдөх боллоо гэсэн хачирхалтай, бас баярламаар мэдээ бидэнд ирлээ. Мэдээний утгыг товч сийрүүлбэл “Монгол улс 1962 онд ОУОХ-нд элссэнээс хойш олимпизмийн үйл хэргийг түгээн дэлгэрүүлэх үйлст жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Монголчууд зуны олимпийн 11 наадамд оролцохдоо хоёр алт, долоон мөнгө, 10 хүрэл медаль авсан нь гурван сая хүрэхгүй хүн амтай улсын хувьд том амжилт юм. Энэ улс сүүлийн үед уул, уурхайн салбарт хүч түрэн орж ирж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрсэн. Мөнгө орж ирэхийн хэрээр спортын салбартаа зарцуулах хөрөнгөө байнга нэмэгдүүлсээр ирсэн нь бусад оронд үлгэр жишээ болж байгаа билээ. Ганц жишээ л гэхэд тус улсын Өмнөговь аймагт байрлах “Оюутолгой” уурхайгаас олборлох эрдэнэсээр Лондоны олимпийн медалийг цутгах юм.
ОУОХ монголчуудын энэхүү хичээл, зүтгэлийг өндөөр үнэлж, Лондоны олимпод спорт тоглоомын аль нэг төрөлд цагаан хуудсаар оролцох эрх олгосон байна” хэмээн бичжээ. Энэхүү мэдээллийн үнэн эсэхийг тодруулахаар МҮОХ-ны нэр бүхий албан тушаалтантай холбогдоход “Ийм мэдээлэл ирсэн нь үнэн. Уг нь бид даваа гаригт (өнөөдөр) сэтгүүлчдэд албан ёсоор мэдээлэх гэж байсан юм. Та нар харин яаж мэдэв” хэмээн хариулсан юм. ОУОХ спорт тоглоомын төрөлд эрхээ авч чадаагүй шилдэг орнуудад цагаан хуудас олгох эрхтэй байдаг. 2008 оны олимпод л гэхэд Грекийн сагсчид энэхүү эрхийг авч байв.
Харин энэ удаа шинэ тутам хөгжиж байгаа орныг дэмжихээр шийдсэн бололтой. Юутай ч Монголын спортын түүхэнд тодоор бичигдэх явдал тохиох нь. Гэхдээ спорт тоглоомын аль төрөлд (сагс, хөлбөмбөг, волейбол, гандбол, зүлэгний хоккей) шигшээ багаа илгээхийг хараахан шийдээгүй байгаа аж. Харин манай холбоод мэдээллийн талаар аль хэдийнэ сонсчихоод МҮОХ-ны удирдлагуудыг “эргүүлдээд” эхэлсэн сурагтай. МҮОХ аль төрөлд шигшээ багаа илгээх болсноо дөрөвдүгээр сарын 15-ны дотор мэдэгдэх ёстой юм байна.
Эрхэм уншигчдадаа өнгөрсөн дөрвөн сарын 1-ний мэндийг хүргэе. Энэ бол бидний жилдээ ганц удаа нийтэлдэг “хуудуутай” мэдээ байлаа. Үнэхээр багийн спортоор олимпийн эрхээ авчихвал олон хүн магнай тэнийн баярлах нь тодорхой. Гэхдээ энэ мөч удахгүй ирнэ гэж найдаж байна.
“ТЦ” сонины редакц