Дэлхийн улс орнуудын парламентуудыг эгнээндээ нэгтгэдэг олон улсын нөлөө бүхий байгууллага Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны ээлжит Ассамблейн чуулган Бүгд найрамдах Уганда Улсын нийслэл Кампала хотноо “Хууль тогтоох засаглал ба ард түмэн: -Заагийг арилгах нь” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд боллоо. Уг арга хэмжээнд манай УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, дэд дарга Г.Батхүү болон УИХ дахь намын бүлгийн дарга нар оролцсон юм. 126 уулзалтын найм нь Африк тивд болсон юм байна.
Чуулганаар ассамблейн Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгчийг сонгож, төлөөлөгчид чуулганаар хэлэлцэж буй үндсэн асуудалтай холбогдуулан үг хэлж, санал бодлоо илэрхийлжээ. Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд 30 шахам улсын парламентын төлөөлөгчдийн тэргүүн үг хэлсний нэг нь манай УИХ-ын дарга байв. Тэрбээр “Хууль тогтоох засаглал болон ард түмний хоорондын зааг ялгааг арилгах нь Та бидний хамгийн тулгамдсан асуудал юм. Бид ард түмэндээ үйлчлэх үүрэгтэй гэж ярьдаг, энэ үүргээ биелүүлэхийг эрмэлзэж ажилладаг, энэ нь ч бодит байдал юм. Ард нийт, сонгогч олонтойгоо ойр байж, тэдний санал бодлыг нухацтай судлан, баталж буй эрх зүйн баримт бичигтээ тусгах талаар ч чамгүй анхаарал тавьдаг нь бас үнэн ч тэдний итгэлийг төгс төгөлдрөөр олж авч чадаагүй л байгаа. Тиймээс юуны өмнө парламентын үйл ажиллагааг бүхэлд нь нээлттэй байх зарчмыг нэвтрүүлэх нь ач холбогдлоороо илүү гэсэн дүгнэлтийг бид хийж байна. Ард түмэн бүгдийг харж, хянаж байхыг хүсч, үүнийгээ бүхнээс илүүд тооцдог болжээ.
Монгол Улсад парламентын нэгдсэн чуулган, Байнгын хороодын хуралдааныг иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд бүхэлд нь нээлттэй болгосон юм. Парламентыг ард түмэнд нээлттэй ил тод болгохын тулд телевизийн тусгай суваг нээж ард түмэнд мэдээлэл хүргэж байна. Мөн парламентын вэб хуудсыг байнга ажиллуулж байна. Иргэдээс санал бодлыг нь хүлээн авах зорилгоор Ерөнхийлөгчийн дэргэд “Иргэний танхим” ажиллуулахын зэрэгцээ УИХын Байнгын болон дэд хороод нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Ийм нөхцөлд бодлого, шийдвэрийг гаргахдаа ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа иргэд, тэдний төлөөллийг сонсож ажиллах нь нэн чухал юм. Мөн хууль тогтоох засаглал болон ард түмний хоорондын зааг ялгааг ойртуулах нь сонгуулийн тогтолцоотой салшгүй холбоотой байна. Хүн амын тархалт сийрэгжилт, нягтрал хотжилт, түүнийг дагасан нийгмийн асуудлууд байнга бэрхшээл дагуулах болов” гээд энэ бүхнийг хянаж зохицуулах, зөв бодлого явуулах чадамжаас парламентын нэр хүнд шалтгаалах болж байна гэлээ.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид чуулганы хуралдааны үеэр зарим орны парламентын төлөөлөгчтэй хоёр талын уулзалт хийж, парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Мөн Уганда Улсын парламентын спикер, ОУПХ-ны 126 дугаар Ассамблейн Ерөнхийлөгч хатагтай Ребекка Кадагатай уулзаж ярилцав. Түүнчлэн тус холбооны Ерөнхийлөгч ноён Авдулаухад Радитэй уулзаж ярилцав. Монгол Улс хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийн төлөө тууштай замнаж, улс орны эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч байгааг Улсын Их Хурлын дарга онцлоод Монгол, Мароккогийн харилцаа, хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн ноён Ерөнхийлөгчийг тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урилаа.
Дэлхийн нэр хүндтэй энэхүү байгууллагын Ерөнхийлөгчөөр сонгогдоход нь дэмжлэг үзүүлсэн, түүнчлэн Монгол Улсын парламент ОУПХ-ны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байдаг, энэ удаагийн чуулганд ч ихээхэн ач холбогдол өгч өргөн бүрэлдэхүүнтэй оролцож санал бодлоо илэрхийлсэнд ноён Ерөнхийлөгч талархал илэрхийлээд, удахгүй болох сонгуульдаа амжилт гаргахыг ерөөв. Мөн олон улсын хурал чуулганд мөр зэрэгцэн сууж байсан, Монголын талаар олон ном уншсан, баримтат кино ч үзэж байснаа дурсаад ОУПХ-ны шугамаар Монголд очиж болох юм гэдгээ хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.