“Сэтгүүлч ба сайд” ярилцлагын зочноор УИХын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж оролцож, сэтгүүлчидтэй цаг үеийн асуудлаар илэн далангүй ярилцсаныг товчлон хүргэж байна.
-Сүүлийн үед Х.Баттулга сайдтай холбоотой асуудал олны анхаарлыг татаж байгаа. Мөн З.Энхболд гишүүн таныг “Долоодугаар сарын 1”-ний хэргээс цагдаа нараа хамгаалахаасаа илүүтэй тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Сонирхлын зөрчлийн хуультай холбоотойгоор оролцоод байна гэж ярьж байсан. Сонгуулийн өмнө ийм дуулианд нэр холбогдож, голлон оролцох болсон талаараа Та юу хэлэх вэ?
-Миний хувьд сонгууль болгоноор л нэг ийм асуудалтай холбогдох юм байна шүү дээ. Миний хувь заяа ийм юм уу, хашиж байгаа албан тушаал минь ч тийм юм уу, миний зан араншинтай ч холбоотой юм уу, хэлэхэд хэцүү. 1998 онд М.Энхсайханы Засгийн газар УИХ-ын гишүүдийг тагнаж, чагнасан хэргийг тухайн үеийн УИХ-ын гишүүн О.Дашбалбар, С.Зориг, Р.Одонбаатар бид дөрөв шалгасан юм шүү дээ. Эндээс л эхтэй хонзон явж байгаа байхгүй юу. Одоо Дашбалбар нь байхгүй, Зориг нь байхгүй. Одонбаатар нь хаана явж байгаа юм, мэдэхгүй. 2000 онд цагдааг надад ямар байдалтай хүлээлгэж өгснийг та бүхэн мэдэж байгаа байлгүй. АН сонгуульд ганц суудалтай үлдээд, бүгдээрээ Америк руу суралцах нэрийдлээр гараад явчихсан. Цагдаа нь эрүүгийнхнийхээ гарт орчихсон. Монголыг 1990-ээд оны Орос орон болгох тийм нөхцөл байдалд надад ажил хүлээлгэж өгсөн шүү дээ. Үүний дараа манай цагдаагийнхан эрүүгийн чиглэлээр айлгаж, дарамталдаг хэргүүдтэй тэмцсэн. Үүний хонзон чинь 2003 онд М.Энхсайханаар дамжиж намайг гадаадын тагнуул болгох аргаар илэрсэн.
Л.Гүндалай болгоомжгүй, гэнэн тулдаа түүнийг гаргаж тавьсан болохоос биш цаад талдаа хоёр том бүлэглэлийн хариу над дээр ирсэн хэлбэр нь тэр. Дараа нь би 2004 онд УИХ-д сонгогдчихоод Монголбанкны ерөнхийлөгчийг татна, солино гэдэг асуудал дээр хөндлөн хэвтчихсэн хүн шүү дээ. Солихгүй ээ, болохгүй гээд зүтгэсээр байгаад солигдсон орой нь өрөөндөө сууж байтал “250 сая долларын гэрээ нууцаар байгуулчихжээ. 55 сая долларын баталгаа нь дөрвөн удаагийн үйлдлээр гадагшаа гарсан байна. Гуравдагч этгээдэд шилжвэл шууд мөнгө болох гэрээ байна” гэсэн. Тэгээд Монголбанкны шинээр томилогдсон Ерөнхийлөгчийг дуудаж “Тэр гэрээг ол. Юу болоод байгаа учрыг ол” гэсэн. Тэгсэн чинь тэр гэрээ нь банкин дээр байдаггүй. Тэгж байгаад олдсон чинь бас л эх үүсвэр нь ЗТБХБЯ-тай холбоотой, өнөө 40 мянган айлын орон сууц барих мөнгө босгох гээд гадаадад баахан хүмүүстэй уулзаж гэрээ байгуулсан асуудал болж таарсан.
“Гандирс” хороолол барина гээд нэг хэсэг шуугисныг санаж байгаа биз дээ. Тэгээд үүнийг нь хууль зүйн талаас нь хүчингүй болгосноо нөгөө талд нь мэдэгдээд, хөөцөлдсөөр байгаад 230 саяыг нь дарсан. Үүнээс болоод нөгөө хууль зассан хэрэг боссон. Уг нь хууль засдаг чинь УИХ-ын зөвшөөрөлтэй байсан юм шүү дээ. Энэ асуудал одоо ч бүрэн дуусаагүй, Монголын Засгийн газар Швейцарийн шүүх дээр 30 сая долларын өрөнд орчихсон л байж байгаа. Монголбанк хөөцөлдөөд одоо хүртэл дийлэхгүй байна. Гэтэл одоо дахиад л бас нэг гэрээ рүү давхиад орчихлоо. Надад хоёрхон зам л байна. Нэг нь ийм гэрээг ил болгож учир начрыг нь олоод дахин ийм хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх. Нөгөөх нь нууж байгаад хугацаагаа дуусгаад хүнд хал балгүй амьтан болж явах. Ийм л хоёр зам надад байна. Би дандаа л эхнийхээр нь явдаг. Монголд дахин ийм балиар юм болох ёсгүй гэсэн зарчмаар л явдаг хүн.
-Одоо яригдаад байгаа Х.Баттулга сайдтай холбоотой нууц гэрээнээс болоод улс орондучирсан хохирол байна уу?
-Энэ нууц гэрээ бол Монголын Засгийн газар, төмөр замын бодлогыг туйлын хүнд байдалд оруулах ийм асуудал юм. Анхнаасаа л би Засгийн газраар төмөр замын асуудал яригдахад эсрэг байр суурьтай байсан. С.Баярын Засгийн газрын үед анх яригдаж эхэлсэн юм шүү дээ. 2008 онд С.Баярын Засгийн газар дахин байгуулагдах үед Гашуун сухайт, Нарийн сухайтаар тавигдах төмөр замын асуудал бэлэн болчихсон байсан юм. Хоёр компани 2004 онд байгуулагдсан Засгийн газраас зөвшөөрөл аваад нэг нь 240 км нарийн төмөр зам, нөгөөх нь 45 км төмөр зам барих зураг төсөл, ТЭЗҮ-ээ хийлгэчихсэн байсан. Гэтэл тэрийг нь хаагаад оросуудтай хамтарч төмөр зам барина гэдэг үлгэр ярьсан. В.И.Якунин гэдэг хүн Монголд олон удаа ирснийг та нар санаж байгаа байх. Тэр үед оросуудтай яаж хамтрах гээд байгаа юм бэ, хэн нь хөрөнгийг нь гаргах юм, ямар учиртай юм бэ гэж асуусан. Тэгсэн Тавантолгойн ашиглалтын эрхийг нөгөө талд өгөх замаар хамтарч ажиллана гэсэн. Тэгэхээр нь “Тавантолгой чинь стратегийн орд, УИХ-аас зөвшөөрөл авч хийдэг ажил шүү. Төмөр замынхаа бодлогыг та нар батлуулдаг юм байгаа биз. Би түүнд чинь эсрэг байр суурьтай байгаа болохоор оролцохгүй” гээд хаячихаад явсан. 2015 он гэхэд та нар төмөр замаа барьчихсан байх ёстой шүү гэхэд “Төмөр замын бодлого л баталчихвал барина” гэсэн. Тэгээд бодлого батлагдахын өмнө “Дэд бүтцийн хөгжил” гэдэг компани байгуулсан. Төмөр зам барих компани гэсэн. ТУЗ-ийн дарга нь монгол хүн, гүйцэтгэх захирал нь орос хүн гэж тохирсон гэсэн. Монголын талын хүн нь ОХУ-д Элчин сайд байсан Л.Хангай. Оросын талынх нь В.Морозов гэсэн.
Төмөр замын мэргэжлийн хүн энэ компанийг толгойлох ёстой гэж тэр үед нь би эсэргүүцэж байсан. 15 мянган мэргэжлийн ажилчинтай, 60 жил үйл ажиллагаа явуулсан тэр хүмүүсээс удирдлагыг нь тавиач гэж хэлээд ядчихсан. Тэгээд бараагүй. Дээд хэмжээний нэг айлчлалын үеэр солонгосуудтай төмөр замын чиглэлээр бас хамтран ажиллах талаар ярилцана гэсэн асуудал орж ирсэн. Тэгээд та нар оросуудтай хамтарна гээд төмөр замын бодлогоо батлуулчихаад одоо бас солонгосуудтай юу ярих гээд байгаа юм бэ гэсэн. Ингэж явсаар байгаад ноднин тавдугаар сараас Дорнод, Сүхбаатар Дорноговь аймагт хөрс хуулалтын ажлаа эхэлсэн. Энэ талаар бас л Засгийн газарт асуудал яригдаж төмөр замын ТЭЗҮ гарч ирээгүй, компани нь шалгараагүй, хөрөнгө нь яаж босох нь тодорхойгүй байхад ямар ч тооцоогүйгээр газар ухахаа боль гэсэн. Энэ мөнгө чинь хаанаас гарч байгаа юм бэ. Хэрэв улсын мөнгөөр хийж байгаа бол нэг тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй ажилд Тендерийн хуулийн дагуу Сангийн яамнаас зөвшөөрөл авах ёстой гэсэн. Гэтэл С.Баярцогт Сангийн яамнаас зөвшөөрөл аваагүй, хувийн компанийн мөнгөөр хийж байгаа гэсэн. Тэгээд 2011 оны сүүлчээр бас нэг гадаадын хүний айлчлалын үеэр “Өмнө нь яригдсан төмөр зам байгуулах ажлаа хэзээ эхлэх юм бэ. Хугацаа алдаад байна. Гэрээгээ түргэлүүлье” гэсэн яриа гарсан. Тэгээд манайхан учрыг нь олъё гээд үлдсэн. Гэтэл АН-ынхан Засгийн газраас гарсны дараа арай гэж учир нь олдсон.
Өнөө гэрээ нь хүн хүний сейф дамжиж явсаар над дээр нэг юм ирсэн. Эд нар чинь хоорондоо муудалцахаараа нууцаар хийсэн гэрээгээ дамжуулаад бие биенээ дарамталдаг дүр зураг харагдаад байгаа юм. Би болсон юмыг л ярьж байна. Түүнийг нь би олж аваад сайн англи хэлтэй хүн олоод орчуулуулаад, шинээр томилогдсон ЗТБХБ-ын сайд Ц.Дашдоржид өгсөн. “За ийм асуудал болжээ. Би үүнийг барьж нааш цааш нь гүйж чадахгүй. Үүний учрыг ол. Наад гэрээ чинь танай холбогдох газруудад байхгүй бол аюул болох нь байна шүү. Нууц гээд дээд талд нь бичсэн байна шүү. Доод талд нь зөвшөөрсөн сайд Х.Баттулга гээд биччихсэн байна. Эхний төлбөрийг хийсэн тохиолдолд гэрээ хүчинтэй болно гэсэн заалт байна шүү. Хэрэв маргаан үүсвэл Нью-Йоркийн шүүхээр шийдүүлнэ гэсэн заалт байна. Ийм гэрээнд би Засгийн газрын өмнөөс дүгнэлт гаргадаг учиртай юм. Гэтэл ийм юм байхгүй байна. Дээр нь гарын үсэг зурсан З.Бзжинский гэдэг хүний нэр байна. Энэ хүнийг би андуураагүй бол Рейганы билүү, Бушийн үед Төрийн нарийн бичгийн дарга байсан хүн байх шүү, судлаарай. Монгол Улс урд хөршид нүүргүй болсон, хойд талд бас нүүргүй боллоо. Одоо бас Америк тийшээ нүүргүй болох нь байна шүү” гэсэн. 14 хоног судаллаа. Гэтэл байдаггүй.
-Энэ чинь Х.Баттулга сайдын сэтгүүлчдэд харуулаад байсан “танилцсан” гэж гарын үсэг зурсан гэрээ мөн үү?
- Энэ талаар англи хэлний мэргэжилтнүүд маргалдаад “Алтангэрэлийн англи монгол хэлний толь бичиг”-ээс харж, 4-5 мэргэжлийн орчуулагч сууж байгаад “зөвшөөрсөн” гэсэн орчуулга нь зөв гэж тохирсон.
-Улстөрчид өөрсдөө хоорондоо бие биедээ хэтэрхий найр тавьснаас ийм хариуцлагагүй байдал үүсээд байгаа юм биш үү. Монголын төрд хяналт гэж байхгүй болсон юм биш үү?
- Яаж байх юм бэ. Х.Баттулгын хойноос өдөр бүр цагдаа тавилтай нь биш. Миний араас цагдаа тавилтай нь биш, яаж түүнийг хянах юм бэ. Төрд алба хааж байгаа хүн тогтсон зарчимтай байх ёстой. Ийм зарчимгүй хүмүүсийг ажилд аваад байгаа учраас энэ төр чинь алуулаад байгаа юм. Би хоёр, гурван юманд эмзэглэдэг. Нэгдүгээрт, төрд энэ зарчим гэж юм алга болсон. Хоёрдугаарт, хамгийн аюултай нь улс хоорондын харилцаа гэж байхгүй боллоо. Ноднин бензин шатахууны үнэ нэмэгдсэн. Яг үүнээс үүдэлтэй юм шүү дээ. Монголын тал ярьж тохирсон ажлаа ажил болгохгүй байна л гэдэг. Юу л ярина, Тавантолгойтой холбоотой асууд лыг л манайд тавьдаг. Ямар зүйл тохирсон юм бэ аваад ирээч гэхээр л таг болчихдог. Үүнээс болоод л харилцаа байхгүй болоод байна. Гуравдугаарт, яг үнэндээ Ц.Нямдорж Х.Баттулгатай үзэлцээд байгаа юм биш. Тавантолгойг яаж атгандаа оруулах вэ гэсэн бизнесийнхний далд дайн явагдаад байгаа юм.
-Таныг “Энержи ресурс”-ийн байранд амьдардаг гэсэн яриа үргэлжилсээр байгаа. Танд энэ компанитай ямар нэгэн холбоо, харилцаа бий юү?
-Ухаа худаг гэдэг чинь дөрвөн оролцогчтой юм билээ. Европын сэргээн босголтын банк, МCS, “Шунхлай”, “Петровис” гэсэн дөрвөн компанийн хувь нийлүүлж босгосон бүтээн байгуулалт шүү дээ. Эд нар чинь хоорондоо хэн нь баян байх вэ, өөрөөс нь түрүүлээд баяжчихсан хүнийг яаж дарах вэ гэдгийг Засгийн эрхэнд гарсан хүн нь хийгээд байгаа байхгүй юу. Асуудал энд л байгаа. Ухаа худагтай холбоотой сэтэрхий зүү ч надад байхгүй.
-Таны ярьснаас Х.Баттулга ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа хувийн компаниа удирдаж байгаа шигээ улс орны асуудалд ханддаг байсан гэж ойлгогдлоо. Үнэхээр Х.Баттулга эх орны эрх ашгийг ингэж хохироож албан тушаалаа ашигласан юм бол холбогдох байгууллагад нь шалгуулаад хариуцлага хүлээлгэж болдоггүй юм уу?
-Би хувьдаа яг ажлынх нь номоор л явж бай гаа. УИХ-ын гишүүн, сайд гэдэг хүмүүс өрсөлдөгчөө АТГ-т аваачиж өгдөг, өрсөлдөгчийнхөө талаар матаас бичиж өгдөг хүмүүс биш шүү дээ. Манай З.Энхболдоос эхлээд хэдэн хүн УИХ-д байгаа. Захиалга өгөөд өрсөлдөгчөө шалгуулаад, дарж авахыг боддог. Түүндээ хууль хяналтын байгууллагыг ашигладаг балиар арга бий болчихоод удаж байна. Би энэ асуудлыг шалгаж үзээч гэж ЗТБХБын шинэ сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид албан бичиг өгсөн. УИХ-ын даргад ажлын хэсэг гаргаж шалгаж өгөөч гэсэн. Гэрээ хийсэн бол учир зүйг нь олооч гэдгийг танилцуулсан. Миний эрх мэдэл үүгээр дууссан. Би сайн хүн болж харагдахын тулд тэр гэрээг нь олчихоод ширээндээ нуугаад байх уу, болохгүй шүү дээ. Би ХЗДХ-ийн сайдын суудалд суучихаад дээрэм луйвар, ил далд хулгайн шинжтэй үйлдэл хийхийг тэвчихгүй байгаа байхгүй юу. Миний амьдралын зарчим тэр. Би баримжаагаар ярьдаг хүн биш, баримттай ярьдаг хүн. Гарч ирсэн сайд бүр л ийм нууц гэрээ хийгээд байвал улс орон яаж тэсэх юм бэ.
-Хоёр үнэн гэж байхгүй. Тэгэхээр энэ асуудалтай холбоотой эцсийн үнэнийг бид хаанаас хүлээх вэ. АТГ-аас уу, аль эсвэл..
-Би бол эцсийн үнэнийг хэлж байгаа. Асуудал үүсээд баригдаад ирэхээр тэр хүн ийш тийшээ үсчээд байна шүү дээ. Анх тийм гэрээ байхгүй, Нямдорж худлаа хэлж байна гээд байсан. Хар тамхи, зэвсгийн наймаатай холбоотой гэрээ л нууц байдаг гээд байсан. Дараа нь Засгийн газар надад зөвшөөрөл өгсөн. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр мэдэж байгаа гэж булзсан. Гэтэл тэр гэрээ нь УИХ даргад байтугай хэнд ч очоогүй байсан. Тэгээд сүүлд нь ТӨХ мэдэж байгаа гэж дөрөв дэх удаагаа зувчуулж байгаа. Зайлуул, арга ядаж байна шүү дээ. Хүний зовлонг ойлгох хэрэгтэй. Очсон газар болгондоо Тавантолгойн ордын ашиглалтын онцгой эрх олгоно гэдэг нь ямар учиртай юм бэ. Ашигт малтмалын тухай хуулиар ийм гэрээ хийх эрхтэй гуравхан яам бий. ЭБЭХЯ, БОАЖЯ, Сангийн яам. Гэтэл ийм гэрээ хийчихсэн хүнийг яах ёстой юм бэ.
-Та энэ сонгуульд нэр дэвших үү. Дэвшвэл хаанаас вэ?
-Одоогоор шийдээгүй байна. Цэцийн дүгнэлт, сонгуулийн нөхцөл байдал яахыг харна.
-Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Эцэст нь та юу хэлмээр байна.
-Төрийн ордонд байгаа балиар юмнуудын хажуугаар би зүгээр, дуугүй өнгөрч хэзээ ч чадахгүй. Гэхдээ би байж л байдаг юм бол шүү дээ. Надаас салах аргыг нь би зааж өгөөд байгаа юм. Юу гэвэл чадал чинь хүрвэл миний аминд халд аа. Өөрөөр та нар миний амыг хааж чадахгүй. Өөр ямар ч арга байхгүй шүү.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ