ТЕГ-ын дарга Р.Болд гадаадад Элчин сайдаар томилогдоод байгаа билээ. Түүний оронд Монгол Улсаас БНСУ-д Элчин сайдаар суугаа Д.Гэрэлийг томилох гэж байгаа тухай яриа нэлээд эртнээс гарсан. Гэсэн ч ийм томилгоо бололгүй багагүй хугацаа өнгөрлөө. Учир мэдэх нэгний өгүүлснээр ТЕГ-ын Тэргүүн дэд даргын суудлаар түүнийг барьцаалаад байсан гэх юм. Бидэнд олдсон мэдээллээр энэ албан тушаалд Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх албаны даргаар ажиллаж буй С.Эрдэнээг томилуулахаар эртнээс зүтгүүлж буй гэнэ. С.Эрдэнээ нь АТГ-т томилогдохоосоо өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байжээ.
Мэргэжлийн тагнуулч, Монгол Улсаас Австри улсад суугаа ЭСЯ-нд атташегаар нэг хэсэг ажилласан. Энэ албыг хашиж байхдаа 2002 онд дипломат эрх ямбаараа халхавчлан ХБНГУ руу хууль бусаар их хэмжээний тамхи нэвтрүүлсэн хэрэгт холбогдож тус улсад саатуулагдан, хоригдож байжээ. Энэ бараан намтар нь түүнийг дээрх албанд томилогдоход хойш нь чангаагаад буй аж. Гэсэн ч эрх баригчид бараг тохиролцоод байгаа сурагтай. Дашрамд дурдахад, Элчин сайд Д.Гэрэл хэд хоногийн өмнө нутагтаа ирсэн гэх мэдээлэл байна.
Д.ДАГВА